Удахгүй хэзээ нэг сайхан өдөр би ээж болно. Гэхдээ би хүүхэддээ үлгэр жишээ болж чадах тийм сайн ээж байж чадах болов уу? гэж хааяа айдаг бас боддог.
Хүн болгож, зан чанарыг нь бүтээхэд би ямар оролцоотой ээж байх вэ? Би хүүхдэдээ ямар үнэ цэнэ, үнэлэмжийг дамжуулах вэ? Хүүхдүүддээ ялахын тулд юуг ч хийхээс буцахгүй байх буруу арга замыг биш, шударга ёс, үнэнч байдлыг зааж өгөхөд өөрөө бас тийм байдаг уу? Бүх зүйлийнх нь урдуур орж, хийж, шийдсэн ээж байхгүйн тулд би юуг анхаарах билээ? гээд цагаасаа эрт энэ зүйлийг бодсон минь инээдтэй бодол биш байгаасаа гэж бодож байна.
Достоевский хэлэхдээ, бусдын зовлонг мэдэрч байвал ХҮН байх талаар хэлсэн нь гайхалтай санагдлаа. Би ирээдүйн хэнийг өсгөж, ХҮН болгоход нь өөрийн зүгээс зөв үлгэрлэсэн ээж байх вэ?
Ээжүүд та бүхэн ирээдүйн ерөнхийлөгчийг ч бүтээж байж магадгүй гэж итгэж байна.
Дотны найзтайгаа уулзаад ярилцахад хүүхдийн минь ааш аяг намайг дуурайж байна гэхэд нь бодсон юм л даа. Хэзээ ч энэ муухай зангаа хүүхэддээ заамааргүй байна гэж бодож л байгаа бол хэвлийд бүрэлдэхээс нь өмнө өөр дээрээ ажиллах, өөрийгөө засч, залруулж, хүмүүжүүлэх хэрэгтэй болж байгаа юм.
Эхлээд зан чанар, харизмд нөлөөлөх нь:
-Хүмүүстэй харилцаан дээрээ эхлээд мэнд ус мэддэг байх, үнэн бас хүлээцтэй боловсон байхад анхаарах
-Бусадтай утсаар ярих, найзуудтайгаа хэн нэгний талаар ярилцахдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх зэрэгт би хэрхэн ханддаг тал дээрээ анхаарах
-Уурлахдаа хэрхэн өөрийгөө контролдож, ухаалаг хариу үзүүлдэг байхад анхаарах
-Бусдад тусладаг зан чанарыг өвлүүлэх
-Хэлсэндээ амласандаа хүрдэг байх
-Шудрага байх, үнэнээ хэлдэг хариуцлагатай занд суралцаж өвлүүлэх
-Өрөвч зан /гэр бүлийн гишүүндээ амьтан байлгах тал дээр ч юм уу/
-Ганцаараа байхдаа юу хийдэг, ном унших, дасгалд цаг гаргадаг зэрэг аав ээжийн хоббиг харуулахад анхаарах
-Бусдыг хүндэлдэг занг өөрөөрөө өвлүүлэх
-Өгдөг хуваалцдаг байдал
-Гэр бүлийн соёлд багаас нь оролцуулж, мэдүүлж таниулах /Бурханыг магтах, залбирах, эрт унтах, эрт сэрэх, хагас мацаг барих…/
-Хувийн зохион байгуулалтыг суулгаж, багаас нь хамт хийх, хөгжих боломжийг нь өгдөг байх /шүдний арчилгаа, гэрийн ажил, хувцас сонгох, бэлдэх, арчлах/
-Аав ээж нь бие биенээ хүүхдийнхээ хажууд тэвэрч, энхрийлж, үнсэж, хайртай шүү гэж хайраа илэрхийлдэг соёлыг харуулах
Одоогоор чухал гэж бодогдож байгаа энэ бүгдийг би өөртөө байгаа юу? гэж бодсон. Байхгүйг нь бий болгож, байгааг нь өнгөлж өөрийгөө бүтээх хэрэгтэй гэж бодлоо.
2-т: Хоол хүнс.
Шим тэжээл өгөх ногоогоор баялаг эрүүл хоол өгөх, бэлдэх. Чихрийн хэрэглээг 7 хоногийн 1 өдөр гэж тогтоод, “За бол За, үгүй бол үгүй” дээр бат байхад анхаарах талаар бодож байна.
Гадуур хүүхдээ дагуулж удаан цагаар явахдаа хоолыг нь бэлтгээгүй, солих хувцсыг нь бэлдээгүй ээжүүд тааралдсан амттан, ундаагаар хооллож, асгаж цутгасан хувцастай нь өнжүүлэхэд би их дургүй байдаг л даа. Хүүхдэдээ тийм хайргүй байж боломгүй санагддаг. Өдрийн хоолыг нь заавал өгөхөд анхаарах хэрэгтэй санагддаг.
3-т Эрүүл ээж-Эрүүл хүүхэд
Жирэмслэхээсээ өмнө илүүдэл жингүй, дасгал хөдөлгөөнд цаг гаргаж биеэ бэлдэх. Шүдээ, бусад бүх биеийнхээ эрхтэн тогтолцооны эрүүл мэндэд анхаарах, ялангуяа сэтгэл зүйдээ.
Би ээж болох бэлтгэлийг маш, бүүр маааш эртнээс бодсон энэ өдрийн бичвэр маань үүгээр дуусаж байна.
Сайхан бодлыг, ухаарлыг өгсөн Бурхандаа талархъя.
2023–03–29
#Vinari