Тэр эмэгтэй одоо амьдаараа үхэж байна.

elsunfl
3 min readNov 5, 2021

--

2021/11/05

Өнөөдрийн бодол Sweet November кинотой адил байна. Энэ 9 сарын 29нд ээж бид хоёр Ковид тусаад тэрнээс хойш 10 хоног гэрээсээ гарахгүй байх болсон. Аймшигтай байсан. Ковид угаасаа аймшигтай ч тэрнээс аймаар зүйл нь гэртээ байгаад байх байлаа. Би гэртээ байхыг сайхан гэж боддог байсан. Гэтэл өвдсөн хүнд аймшигтай зүйл юм байна лээ. Нарны илчийг тусгалыг их санадаг юм байна лээ. Гэртээ байгаад л байсан би 7дох хоног дээрээ гадаа гарсан юм.

Нарны туяа, илч над дээр тусч ээж байгаа нь, агаар нь гээд намайг бараг эдгээсэн гэж хэлж болно. Би Жуковын тийшээ голын замаар ээжтэй хамт алхсан юм. Маш сайхан байсан. Удаанаар мэдэрч алхсан. Эргэн тойрны сайхан зүйлсийг моддыг, шувуудыг, шарлаад унаж байгаа навчсийг, бие биенээ хөтлөөд алхаж буй эмээ өвөөг, хүүхдээ салхилуулж байгаа ээжийг гээд хорвоогийн сайхан зүйлсэд нүдээ унагаж, сэтгэлээ сэргээсэн.

Өмнө нь алхахдаа түгжээ хараад бухимдаж, ядарсан байгаагаа гайхаж нервитдэг байснаа мэдээд би маргааш алхахад ямар сайхан зүйл болох бол гэж бодсон. Тэгээд маргааш оройноо бороо орж байхад алхсан.

Борооны дусал нүүрэн дээр минь дусалж байгааг, бороонд норж байгаа ч гэсэн тэр нь ямар сайхан болохыг, би удаанаар аз жаргалтай алхсан. Гэрлүүгээ харих замдаа миний үргэлж замаараа орох дуртай Жуковын Пелахоновийн сургуулийн модон сандал дээр суугаад бороон дунд Бурхантай ярилцсан юм. Таны бүтээсэн байгал, ой мод, нар, салхи, бороо гээд бүр навч нь хүртэл намайг ингэж сэргээж, тайвшруулж байгаад би үнэхээр талархсан.

2019 онд YWAM-с ирээд удаагүй байхад нэг дүү минь эгч нь хэвтэрт ороод 2 сар болсон хэцүү байна гэрт нь хамт очьё гэсэн юм. Дөнгөж гучин хэдэн настай тэр эгч барилга дээр ажиллаж байхад дээрээсээ юманд даруулаад бөгсөн биеээрээ мэдээгүй болсон гэсэн. Харин өнөөдөр тэр эгчийн талаар дүүгээсээ сураг дууллаа. 2021 он дуусаж байна. Бараг л 3 жил. Эгч одоог хүртэл хэвтэж байгаа бөгөөд бие нь мэдээгүй хөдөлгөөнгүй болохоор хатангиршиж, цооролт үүсч, угийн дотогшоо хүн тул улам л ярих нь, идэх нь багассан гэлээ. Намайг анх уулзсанаас 3 жил өнгөрсөн байхад гэртээ л байсан гэнэ.

Тэр эмэгтэй одоо амьдаараа үхэж байна. Би энэ жил очиж тусламаар байна. Хүнд тээр ачаа болохыг хүсдэггүй болохоор намайг дахиад очвол дургүйлэх л байх. Гэхдээ би ингээд орхимооргүй байна. Бурханд гомдож дотогшоогоо уйлж байгаа байх, амьд боловч хэдий нь үхсэн байж магадгүй тэр эгч дээр үзэсгэлэнтэй амьд цэцэг бариад долоо хоног чадахгүй бол сар бүр очмоор байна. Сэтгэл санааг нь сонсмоор байна. Би салхинд авч гармаар байна. Нарны илчийг, намар дуусаад өвлийг харуулмаар байна бас цасыг үзүүлмээр байна. Би заавал сэтгэл санааг нь өргөж тусламаар байна.

Талархах сайхан зүйл нь тэр эгчийн нөхөр бас хүүхдүүд нь. Өдөр бүр инээлгэх гэж, хажууд нь одоог хүртэл хамт байгаа. Би өөрийнхөө тусалж чадах бүх зүйлээ хийх болно. Магадгүй үүнийг уншиж байгаа танд тэр эгчид би яаж туслаж болох сайхан зүйлийг зөвлөөрэй гэж хүсч байна. Эмнэлгээр зөндөө л явсан юм гэнэ лээ. Одоо би нөхөрлөл, байгал, сэтгэл зүйн туслалцаа л өгөхийг хүсч байна

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet