Сайн тэмцэл

elsunfl
3 min readJan 9, 2022

--

2022.1.9

Гурван өдөр халуурч бүлээрэн хамгийн шаналгаатай тарчлаантай өвдөлтийг мэдэрлээ. Хамаг шүд минь янгинаж, толгой задрах гэж байгаа аятай бүх бие минь өвдсөн. Хэзээ ч эм уухгүйдээ гэсэн хатуу үзэл бодлыг минь ковид болон ковидын дараах энэ ханиад дийлчихэв. Магадгүй дахиад ковид байсан болвуу. Эмэнд бас өөртөө найдсан би Бурханыг 3 дахь шөнө нь дуудсан юм.

Маскаа зүүгээд унтаж байхдаа Түүнийг Эдгээгч, Нойрыг бүтээгч, Анхдагч, Бүхнийг Чадагч, Хүчирхэг болохыг тэрэнд зоригтойгоор хэлээд энэ өвчнөө эсэргүүцсэн.

Түүний хормойнд л хүрчих юм бол, би эдгэхийг хүсч байна гэж олон удаа Түүнд хэлсэн минь, гайхамшгийг амьдралдаа үзэхийн тулд ийм зүйлийг туулах нь, ийм итгэлээр алхах нь Түүнд итгэх итгэлийг минь улам өсгөж өгсөн юм.

Өнөө өглөө би эв эрүүл болсон байлаа. Түүнд алдрыг өргөж бүтэнсайны цуглаандаа талархсан оны эхний долоо хоног маань үүгээр дуусаж байна. Ирэх долоо хоногийг би зөв нойр болон хүч чадлаар цэнэглэх болно. Мэдээж эрүүл байхын тулд бас амьдрахын тулд.

Өвдөлтөө хэсэг мартахын тулд сайн кино үзье гэж бодоод “The Help”-ийг үзсэн. Шударга бус байдлыг хараад эгдүүцсэн сэтгүүлч эмэгтэйн зоригтой үйлдэл болон эрх нь зөрчигдөж байгаа өнгөт арьст олон эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн үйлдэл нь надад бусдын амьдралд өнгө нэмж тэмцээрэй гэх итгэлийг өгсөн.

Анзаарсан нэг зүйл бол хүндэтгэлийн цуглаандаа хамгийн үзэсгэлэнтэйгээр харагдаж, хамгийн хөөрхөн дээрээ тавиад, сайхан хувцаслаад ирдэг. Би энэ тухай мартсан байж. Сайхан сануулга. Зөв хүндэтгэл. Бас нэгэн баян хэрнээ ганцаардмал эмэгтэй хүн чанартай хүнлэг байхыг нөхрийн хамт харуулдаг хэсэг бас энгийн хэрнээ хайр татам. Баян гэснээс “Шиндлэрийн бүртгэл”-ийг бас үзсэн юм байна.

Би баян болсон ч хүнлэг байсаар дуусах юм шүү яг л Шиндлэр шиг гэж бодсон. Киноны төгсгөлд “1100 хүн аварсан ч дахиад хэдэн хүнийг би энэ машинаа өгөөд аварч болох байсан” гээд цөхрөн уйлж байгаа Шиндлэр миний сэтгэлийн хүн чанар гэх утсыг маань хөндсөн.

Түүний удирдах чадвар, бизнес сэтгэлгээ, гэрээ хэлцэл хийх мэргэн ухаан, хөрөнгө мөнгө бол Бурханаар ашиглагдах багаж байсан. Бусдын үнэт амийг аврах хэрэгсэл байсан. Сэтгэл сэргээж, урам өгөх сайн кинонууд үзсэн болохоор зориг маань дүүрсэн гэж хэлж болно.

Тиймээс энэ бүхнийг уншсан та намайг тэр Бурхандаа ямар их итгэдэг болохыг, Тэр Бурхан нь Эдгээгч болохыг, шударга бус байдалд эгдүүцдэг тухай, баян болохыг хүсдэг ч бас хүнлэг байсаар дуусахыг хүсдэгийг минь мэдлээ.

Түүхтэй амьдралаар амьдраад, сайн тэмцлээр тэмцээд дуусгана шүү энэ олдсон амьдралаа хүмүүс минь…

From Vinari

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet