Мөнгөлөг өсгийт өмссөн эмэгтэй

elsunfl
3 min readMay 7, 2022

--

2022–5–7

Тэр эмэгтэй үсээ хөнгөхөн шуусан бөгөөд нүүрээ бараг будаагүй уруул болон сормуусаа л будсан байлаа. Цагаан өнгийн торгомсог свийтер дээгүүр нимгэн хар өнгийн богино күртик өмсчээ. Күртикийг тодотговол бэлхүүс хэсгийг резинээр барьсан оруулгатай, дэрвэгэр хормойтой. Гартаа бугуйгаар зүүгээд явахад зориулсан хар өнгийн жижиг цүнх барьсан бөгөөд цүнхний гадаргуу илгэн материалын авч явахад зөөлөн тухтай хөнгөн, хөөрхөн зайтай харагдаж байлаа. Одоо л яг моданд ороод буй трапецэн хар өмд өмссөн бөгөөд хамгийн нүд булааж байсан нь дундаж дөрвөлжин өсгийтэй мөнгөлөг чамин туфль байлаа. Өмсөөд явахад тухтай, өдөр бүр өмсдөг юм шиг л санагдлаа. Энэ чамин эмэгтэй өөрийгөө хувцаслалтаараа улам тодотгосон байгааг хараад үзэсгэлэнтэй биеэ авч яваа байдал нь үнэхээр сэтгэл татам, нүд булаам байсан юм.

Бас нэгэн 60 гаруй насны эмэгтэй автобусаар орж ирэхэд нь би суудал тавьж өгсөн юм. Тэр настай эмэгтэйг хатагтай гэвээс зохих тийм л харагдаж байлаа. Үс нь бууралтсан ч эв дүйтэй янзалж гоодон, цэцэгтэй мөнгөн хавчаараар үсээ торгожээ. Хар хөх өнгийн урт цувны цаанаас урт даашинзны хормой нь цухуйна. Жижиг цүнхээ өвөр дээрээ тавиад цэгцтэй сууж байгааг хараад яаж ийм сайхнаараа байгааг харж биширсэн юм.

Нууцлагдмал хэрнээ сонирхол татахуйц ийм хүчирхэг эмэгтэйчүүдэд дуртай.

Ямар эмэгтэй хүн үзэсгэлэнтэй вэ? гэж үү? өөртөө хайртай, өөртөө арчаатай, өөрийнхөө төлөө санаа зовж, санаа тавьж чаддаг, ухаалаг эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй. Өөрийнхөө төлөө санаа зовж байгаа болохоор өөрийнхөө төлөө ном уншиж, дасгал хөдөлгөөн хийж, өөрийнхөө арьс, гоо сайхан, боловсрол, зан чанартаа анхаарч чаддаг эмэгтэйчүүд. Бусдын тухай хов живнээс илүү өөрийгөө юу ч мэдэхгүй байгаа гэж үргэлж суралцсан эмэгтэй, шинэ шинэ зүйлийг туршиж, өөрийн гэх хоббитой болж, өөрийнхөө төлөө санхүүгийн эрх чөлөөт байдлыг эрхэмлэж чаддаг эмэгтэй. Бусдад яаж эрхлэхээ мэдэж, бусдыг хэр хэмжээнд байлгах вэ? хил хязгаарыг нь хэрхэн тогтоож өгөхөө ч бас сайн мэддэг тийм эмэгтэйчүүд.

Хамгийн хүнд гэж санагдах бэрхшээлийн цаана дараагийн түвшинд гаргах, сайжруулах боломж нуугдаж байгааг тэд мэддэг.Үл ойшоох бусад хүмүүсийн сонголт байж болно. Гэвч эдгээр эмэгтэйчүүдийн сонголтод өөрийгөө хөгжүүлэх, дахин нэг удаа оролдоод үзэх, нэмж сайжруулах хэмээх сонголтууд байгаа. Унаад цурхиран уйлж, харамсдаг, гашууддаг. Гэвч тэд хэзээ ч бууж өгдөггүй. Тэд үргэлжлүүлэн хичээсээр л байдаг. Алдах нь тэдний хувьд байдаг л зүйл. Харин бууж өгөх нь тэдний сонголтод байдаггүй. Бэрхшээл тэдэн рүү Голиатын дүрээр архиран ирвээс тэд Давидын дүрээр дүүгүүртээ чулуугаа бэхэлж тулалддаг.

Ямар эмэгтэй хүн муухай вэ? гэж үү? Өөрлүүгээ биш бусад уруу бурууг өгсөн, бүтэлгүйтээд л, дахиад бүтэлгүйтээд л тэгээд тэр бүтэлгүйтлээсээ эргэж босдоггүй, тэмцдэггүй. Өөрийгөө юунд дуртай, юу хийхийг хүсдэг, ямар мөрөөдөлтэйгөө ч мартчихсан, амьдарлаас юуг ч сайн сайхнаар хүлээж авч чадахгүй болсон тийм эмэгтэйчүүд. Байхгүй, зовж байна гэх ч алхам хийж, арга зам хайж хөдөлдөггүй, хийдэггүй, тэмцдэггүй, асдаггүй, алалцдаггүй, амьдралтай сөрөлцдөггүй тийм эмэгтэйчүүд.

Сэргэг бай, гэрэлтэй бай, аатай бай, нандин бай, үнэтэй бай, эрхэм бай, бардам бай, харц өөдөө бай, мөрөө тэнэгэр, хүчтэй бай. Удаан, хөдөлж ядсан, цаг нөгцөөсөн биш. Маш их хурд, нэг хоёр гурвыг зэрэг амжуулах чадвартай, байхгүйнхээ төлөө байлгах гэж тэмцдэг, гомдолдоггүй, тэгээд шударга, алдаа онооны дундуур өөрийн зарчмаараа явж чаддаг жанжин шугамтай, бие даалттай, өөртөө итгэлтэй, арга зам олдог, уйлсан ч босоод инээгээд урагш алхдаг эмэгтэйчүүд.

Унхиагүй байх лав л би биш.

Нүдний галаа өрдөх үү, унагах уу хүн өөрөө л мэддэг.

Болгоноо гээд ханцуй шамлахад бүдэрч унавч болгодог л юм.

Чаднаа гээд хийморио дэлдээд гарахад чадчихсан байдаг л юм.

Ассан шиг ас.

Амьдарсан шиг амьдар.

Сэлмээ агс.

Толгойгоо өндийлгө.

Энэ тулаанд чи ялах учиртай. Ялж гэмээ нь дараагийн шатанд гарах болно гэж Арвинд хэлмээр байгаагаа үүгээр бичиж байна.

from Vinari

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

Responses (2)