Багаасаа л ирээдүйгээ төсөөлөн мөрөөддөг байлаа. Биеийнхээ шар үсийг бостол төсөөлдөг байлаа. Орой бүр унтахаасаа өмнө том болоод ийм болно, тийм болно гээд л нүдэндээ төсөөлөөд л оччихсон мэт адерналин ялгардаг байж билээ. 2009 оны 4 сард Монгол хэлний хичээл дээр бичиж байсан бичвэрээс дор сийрүүлье.
“Зуны амралт”
…Манай гэрийхэн бишээ зөвхөн би л зуны амралтыг өнгөрөөдөг байсан тэр газрын тухай. Энэ тухай эхлэхээс өмнө өөрийнхөө тухай хэдэн зүйл бичиж төсөөлөлд тань өөрийгөө бүтээе.
Би бол хатуу чанга байхыг хүсдэг ч яг үнэндээ дэндүү зөөлхөн, өөрийнхөөрөө байхыг эрмэлздэг энгийн л охин. Бусад шиг инээхээрээ хацар хонхойж монхойдоггүй ээ харин ч бондойчдог. Зузаан уруул, навтгар хамар, дугуй бор төрхтэй ийм л үзэсгэлэнтэй цор ганц хувилбар. Надад бүх зүйл биш ч магадгүй хэн нэгний хүсээд авч чадахгүй тэр бүхэн байдаг. Сурахыг мэдэхийг хүссэн бүхэн хязгааргүй. Салса латино, монгол бүжиг, өвөл снөвбөрдөөр гулгах, зун далайн гүнрүү сэлж, ууланд авирч, үүлэнд хүрч, шүхэрээр эсвэл агаарын бөмбөлгөөр явж үзэх, Селена Гомезийн тоглосон нэгэн кинон дээр гардаг Парисын дээд зэрэглэлийн зочид буудалд аялалаар очиж буудаллаж үзэхийг гээд л хийж үзмээр мэдэрмээр зүйл маш их. Заа би ер нь нэг ийм хүн гээд төсөөлөөрэй. Харин одоо тэр сайхан газарлуу хамт очицгоох уу.
Хотоос зайдуу цэвэр агаартай, нам гүм энэ газарт өвөө эмээгийн минь дүнзэн байшин байдаг юм.
Байшингийн хоёр давхрын зүүн буланд миний нууц өрөө бий. Өглөө бүр нарны туяа хөшиг нэвт цоолон, өрөөнд гэгээ татуулан орж ирэх бөгөөд ширээн дээрх цагийн зүү зургааг зааж, цонхыг минь болжмор тогших шиг. Шууд босоод алхах эхний үйлдэл бол өрөөнийхөө цонхыг онгойлгоод цонхоор гадаахыг хэсэг харж, цээж дүүрэн агаар авч зогсох юм. Цонхны маань гадаах тавцан дээр байгаа савтай цэцэгс дэлбээлээд ургачихсан, тэднийг минь ч нар илчээрээ тэжээсээр л…
Би өглөөний цайгаа уулгүйгээр миний дотор амар тайвныг дүүргэдэг тэр газар луу Абуг /нохой минь/ дагуулан, замын хүнсээ бэлдээд гарлаа.
Тэр нуур манай байшингаас нээх холгүй бөгөөд бид замаараа наранцэцгийн талбайн урдуур өнгөрдөг юм. Нарлуу дүүлэн, салхи сөрөн зогсох тэр том цэцгийг харахаар юуг ч байсан ялах мэдрэмж төрнөө бас.
Цааш алхахдаа нилээн олон жилийн нүүр үзсэн модон гүүрээр гаран мөнөөх хүлээлт болсон газартаа ирнэ. Нуурын толио дөлгөөхөн, салхи намуухан сэвшинэ. Нөгөөх аварга модны мөчир дээр суугаад, даавуунд ороосон хүнсээ задлаад идлээ.
Тэнгэрт дүүлэн нисэх шувуудын уянгалаг жиргээн, чимээгүй нүүх үүлс, цэцэгсээр наадах салхины сэвшээ, навчсын сарчигнаан, нуурын үл мэдэг давалгаа гээд л бүгд миний сэтгэлийг онгойлгон байлаа.
“Хатан хаан Сиси” киноны хэсэг дээр “Мод цэцэгс, амьтад бүгд өөрийн гэх байгалийн хүчтэй. Чамайг гуниглаж, ганцаардахад эрч хүч, илбийн шидээ хайрлах болно. Энэ бүхнээс тайтгаралыг мэдрэх болно” гэж аав нь Сисид хэлдэгсэн.
Яг л тэр үгс надад бодогддог байсан юм. Заримдаа би гунигт автсан сэтгэлээ ойн гүнрүү орох эсвэл тэндэхийн нуурын хажуугийн модон дээр авирч суугаад баяр хөөрөөр сольж чаддаг байлаа.
Нар буух ч дөхлөө. Бид үхрийн жим дагасаар гэртээ ирлээ.
Орой бүр өрөөнийхөө цонхны тавцан дээрээ тохойлдон, тэнгэрт түгсэн оддыг харахдаа төгс бүтээлийг гайхан байлаа. Улиасны навчис салхины аясаар дуугарах нь надад амралт болж, мөчир дээр нь суусан болжмор шөнийн гүн харанхуй руу чимээгүйхэн нисэн одно.
Vinari