Би өөрөөсөө “Амжилтанд хүрэхийн тулд зорилгоо яаж ЗӨВ тавих вэ?” гэж асуусаар байсан юм. Манайд амжилттай ажилладаг байгууллага, хувь хүмүүс зөндөө бий, тэдний нууц юунд бий вэ? Тэд зорилгоо зөв тодорхойлж чаддагт байгаа гэдгийг мэдсэн л дээ. Тэгвэл яаж зорилгоо зөв тодорхойлох вэ?
S- Specifiс. Чиглэл тодорхой байх ёстой. Жишээлбэл, Орлогоо нэмэх, эсвэл чанараа нэмэх.
M- Measurable. Хэмжигдэхүйц тоон үзүүлэлттэй байх ёстой.1 саяын орлогыг 1.5 сая болгох.
A- Achievable. Таны зорилго хүрэх боломжтой байх ёстой. Хэрэв орлого 1 саяаас шууд 10д хүргэвэл буруудна, харин орлого 25% нэмнэ гэвэл илүү хүрэх боломжтой болно.
R- Relevant. Урт хугацааны ҮНДСЭН чиглэлтэй давхцах ёстой.
T-Time-bound. Зорилго цаг хугацаатай байх ёстой. Орлогыг 1 сарын дотор 10% нэмье гэх маягтай.
Нийлүүлээд уншбал S.M.A.R.T — буюу зөв зорилго гэж нэрлэгдэнэ.
Зорилго тодорхой хүн юунд “За” юунд “Үгүй” гэж хэлэх нь тодорхой байдаг. Харин зорилго нь тодорхойгүй хүнд зааг хязгаар байхгүй учраас учиргүй их завтай хүн шиг бүх юманд “За” гэдэг. Тийм хүн өөрийн гэсэн ямар ч зорилгогүй учраас ямар ч бүтээмжгүй өнгөрдөг. Бүтээмжгүй учраас сэтгэл дундуур амьдардаг. Та зорилгоо тодорхойлсон уу? Ойрын, дундын болон алсын зорилгоо заавал тодорхойлж дэвтэр гарган бичээд хүрэх биелүүлэх алхмуудаа бас бичээрэй. Тэгээд шууд үйлд, тохиромжтой цаг хүлээж байна гээд бүү залхуур. Хэн хийнэ тэр хожно. Явсан нохой яс зууна, суусан цэцэнээс явсан тэнэг дээр гэж үг байдаг даа. Том амжилт! Ж.Бадамдорж
Зорилгоо зөв тодорхойлоогүй бол зорилгогүйтэй ижил, зорилгогүй хүн бол хамхуул мэт амьдрана биз. Тэгвэл хэсэгхэн хугацаа гаргаад бид /Төр засаг, СЕО, бизнес, хувь хүн/-ний өмнөө тавьсан зорилго SMART байгаа эсэхэд дүн шинжилгээ хийцгээе. CEO болон хувь хүнийхээ хувьд та өөрөө өөртөө дүн тавина. Санаа өгөх үүднээс төр засгийн хэмжээнд нэгэн сонирхол татсан benchmarking таньд хүргэж байна.
Ерөнхийлөгчдийн амлалт, бодлого
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Lee Myung bak: Түүний эдийн засгийн бодлогын гол цөм нь “747 төлөвлөгөө” юм. Энэ нь ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 7 хувиар эдийн засгаа өсгөнө, өсөлтийг хадгалах, нэг хүнд ноогдох ДНБ-ийг 40000$ болгох, Солонгос орныг дэлхийд 7-д жагсах хүчирхэг эдийн засагтай орон болгох гэсэн товч томъёолол юм.
Ц. Элбэгдорж: Амь нэгтэй ерөнхийлөгч байна. Уул нь амь нэгтэй байх, үнэнч шударга, сэтгэл гаргаж ажлаа хийх чинь хамгийн наад захын цаасан дээр бичигдээгүй шаардлага.
Н. Энхбаяр: Их орны хишгийг өгүүлнэ. Өгүүлнэ гэдэг үгийг ойлгоход жаахан хүндрэл гараад байсан. Угаасаа ерөнхийлөгчид энийг хийх эрх мэдэл, тийм ажлын чиг үүрэг байхгүй. Тиймээс хэн нэгнийг гуйх/дарамтлах/хавсаадахын аль нэгнээр л хийх юм байна гэж ойлгосон.
Энд нэг зүйлийг дурьдах хэрэгтэй. Мэдээж Солонгос улсын ерөнхийлөгч манай улсын ерөнхийлөгч 2-ын эрх үүрэг, ажиллах боломжийн хооронд ялгаа байгаа. Гэхдээ тэд цайлшгүй хийгдэх тэр л ажлыг олж тогтоох, түүнийг тодорхой зорилго болгон томъёолж, ард түмнийхээ өмнө нэгдсэн SMART зорилго тавих хэрэгтэй.
Дүгнэлт: Солонгосын ерөнхийлөгч бүр жалга довноосоо халиад улс орноо дэлхийд эдийн засгаар нь 7-д жагсаана гэж амлаж байж ерөнхийлөгч болсон байна. Үүнийг амлахын тулд тэр хүн дотоод болон гадаад орчинг судлахын дээдээр судлаж байж амлалт өгсөн.