Сексийн үнэн журам номын тухай “Эдвин Луис Коол”
Сексийг томчуудын бохир наргиа, онгон байдлыг хямдхан бараа шиг үздэг болсон энэ дэлхийд ууссан байхвий гэж бодсон энэ номыг уншаад л аль хэдийнэ ууссан байснаа мэдсэн би.
Би гэрлэхээсээ өмнө ч, гэрлэснийхээ дараа ч садар самуун, завхай бодол, завхралтай хөл нийлүүлэхгүй хэмээн хатуу шийдсэн ч өөд уруугүй ирэх тачаалтай амьсгаа авах чөлөөгүй тулалдаж байна. Учир нь хаашаа л харна өөдөөс секс биднийг бохир бодлуудаараа зугаацуулахаар өдөөн хатгана.
Энэ жил 28 хүрсэн би махан биеийн хүсэл тачаалдаа автан, анх удаа гар хангалга хийж үзэн, анх удаа порн бичлэг үзэж, анх удаа секс тоглоом сонирхон, байнгын хамрагчтай болдог юм билүү ч гэх анхны бодол төрсөн байсныг нууж үгүйсгэхгүй ээ. Секс байхгүй гэж хэлсэн ч зүрхэндээ энэ бүхэн буруу болохыг мэдлээ. Энэ бүхэн гэм болохыг мэдлээ.
Энэ номноос миний ойлгосон зүйл бол секс бол зүгээр л нэг тааламжтай үйлдэл юмуу эротик үйл явдлаас хавь илүү зүйл юм. Секс бол гэрлэлтийн цусан гэрээний тэмдэг бөгөөд гэрлэлтээр л ирдэг Бурханы бэлэг юм. Энэ бэлгийг сэтгэл дүүрэн эдлэхийн тулд Бурхан юуны учир сексийг бүтээсэн байх вэ гэдгийг ойлгох нь чухал болохыг ухаарлаа.
Секс бол хүндэтгэвээс зохистой үнэ цэнэтэй Бурханы бүтээсэн сайн сайхан зүйл мөн. Гэрлэлтээр бие биедээ нэгэн бие болохоо бид тунхагладаг. Бурхан бол өөрөө гэрээний Бурхан. Тиймээс гэрлэлт бол эрхэмлэн дээдлэх цусан гэрээ. Бэлгийн амьдралаа цэвэр ариунаар сахин, сексийн үнэн журамтай амьдарч Эзэнийг алдаршуулах нь Эзэнээс эмээхүй байх юм.
1Korint 6:18 Садар самуун явдлаас зугт.
Эхлэл 39: 7–12 Зугтан одсон Иосеф. Энэ бол гэрлэлтээс өмнөх болон гадуурх харилцааг хэлж байгаа юм.
“Зарим хүмүүс өнгөрсөн дэх бэлгийн сөрөг үйл явдлын талаар дуусгавар болгоогүй, сэвтэй дурсамжаа сүнснийхээ хэвлийд тээсээр бүх насаа бардаг. Тиймээс тэд бэлгийн амьдралдаа хэзээ ч Эзэний баяр хөөрийг бүрэн эдэлдэггүй. Эдгээр дурсамжаа шийдвэрлэн цэгцлэх нь сексийн үнэн байдалд тань өөрчлөлт авчирна. Магадгүй та өөртөө “Бурхан минь, онгон байдлаа эргүүлж авч болдогсон бол!” гэж хэлж байж болох юм. Хэдийгээр таны бие физиологийн онгон байдал эргэж ирэхгүй ч, онгон байдлын сүнс хийгээд суу алдар дахин сэргэж чадна. Ариун Сүнсний хүч дотор Эзэнээс ариун байдлын сүнс, суу алдарыг өөрийн сүнсэндээ итгэлээр хүлээн аваарай”
Энэ үг надад найдвар өгсөн. Өөрийн биеэ Түүнд ариун, зохистой байдлаар өргөж, өмнөх хараалаа таслаад Сүнсний хүч чадлаар өөрийн биеэ онгон байдлын алдар дотор сахихыг хүсч байгаагаа, сексийн амьдралаа цэвэр ариун, зөвтөөр анх бүтээсэн зорилгын дагуу хадгалахыг Түүнээс гуйна гэж бодлоо.
Эзэнээс эмээхүй гэдэг Түүний зүг хүндэтгэл тээж, Түүний мэлмийд бузар зүйлс үйлдэхгүй байх гэсэн утгатай. Хүслээ хязгаарлан өөрийгөө сахилгажуулж, Эзэнээс эмээх айдастайгаар бөгөөд Библийн ишлэлүүдээр оюун санаагаа программчилж, дэлхийн завхралын нөлөөнд автахыг бүү зөвшөөр.
- Есүс диаволд Бурханы үгийн ишлэл барьж ялалт байгуулсан шиг Эцэгтээ захирагдан, диаволыг эсэргүүц.
- Бурханы үгийг унш. Тийм бодлыг, уруу таталтыг эсэргүүц. Залбир хөө. Өдрөөс өдөрт Түүнтэй хамт байх тусам таны оюун ухаан цэвэршин, шинэчлэгдэнэ. Бодол хүслүүд чинь өөрчлөгдөж эхлэх болно.
- Бурхантай өдөр бүр залбиран ярилц. Бурханд амьдралаа нээж, харилцан ярилц.
- Есүс тэдэнд хайртай гэдэг итгэлээ бусдад зоригтой мэдүүл.
- Есүст үйлчил. Чуулганд тогтмол хамрагд.
- Таны зүрхэн дэх Түүний хайр бусдын амьдралд бас хүрэх болтугай.
Бурхан юуны учир танд сексийг өгснийг ойлгож, хамгаас үнэтэй бэлгээ хэрхэн эрхэмлэн нандигнахыг үр хүүхэд, дүү нартаа таниулаарай. Онгон байдал нь өөртөө, ханьдаа, онцгойлон Бурханд алдар авчрахын төлөө юм. Эхээс төрөхдөө онгон байдлаа юу ч төлөлгүй, зүгээр хүлээн авах боловч үүнийгээ сахин хамгаалах нь үнэ хөлс шаардана.
Машины арын суудал, хямдхан буудлын газрууд, аяны бохир дэвсгэр дээр хэсэг зуур үргэлжлэх хямд зугаа эсвэл зочдын өрөөндөө чимээгүй шивнээ дор нууцаар амьдралынхаа хамгийн аугаа моментийг бүү дээрэмдүүлээрэй.