…Бурхан юу хийж байгааг харж байна уу?
…Бурхан үнэхээр Та мөн үү?
Энэ бол миний Бурхантай ярилцдаг өдөр бүрийн тэмдэглэл. Энэ нийтлэлээрээ YMAM-д сурах хугацаанд Бурханы надад илчилсэн дараах хэдэн гэрчлэлийг хуваалцах боллоо.
Эхний нүүрэн дээр амлалтын үг Иер33:3 ишлэл буюу “Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа зүйлсийг ярих болно” гэж бичигдсэн байгааг анзаараарай. Учир нь Түүнийг дуудах бүрийд Тэр надад хариулж, надтай ярилцдаг байсан юм.
1. Сэрүүлэг биш Эзэн Өөрөө сэрээдэг.
Өглөө бүр 6:15-д сэрэх ёстой байдгийг санаж байгааз дээ. Өглөө ялангуяа өвөл эрт сэрэх надад хамгийн муухай мэдрэмж байсан. Гэтэл өөрчлөгдсөн.
2018/09/24 Заримдаа хичээлийн цагаар Бурхан надад Үгээ хэлээд байгаа юм шиг санагддаг байв. Гэхдээ энэ нь үргэлж библийн үгээр байсан.
Тэгээд тэр ишлэлүүдийг харуулж сануулах бүрт нэг урт цаасан дээр эхнээс бичиж аваад, залбирдаг байсан юм.
Бидний хичээлийн хуваарь өдөртөө багтахгүй их байх шиг. Яагаад гэвэл би библи уншлагаасаа олон бүлгээр ч биш бүүр номоор хоцордог байсан. Тийм учраас өглөө эрт сэрвэл ядаж библи уншлагаасаа хоцрохгүй ангийнхантайгаа зэрэг явах юм байна гэж бодоод нэг орой “Таны Үгийг тунгаан бодохын тулд би шөнийн манааны өмнө нүдээ нээмээр байна.” гээд залбираад унтсанаас хойш шөнө бүр надад сонин бас гайхалтай зүйлс тохиолдох болов.
Өрөөндөө гар утас, ширээний цаггүй болохоор шөнө бүр сэрэхдээ хэд болж байгааг мэдэхгүй ч нойр бүрэн авсан, сэргэг байгаагаа бодохоор яг 6 цаг л болж байгаа байх. Угаасаа 6:15 аас багш сэрээх л юм чинь түрүүлээд сэрэхэд зүгээр байх гээд хувцсаа өмсөөд, доош буутал цаг 02:50, 03:20, 04:30 -ыг зааж байдаг байлаа. Эхэндээ би гайхаж байлаа. Юу вэ? аниргүй цагаар залбирсаныг минь Эзэн сонсоод намайг сэрээгээд байгаа юм байхдаа?? Үнэхээр тийм байлаа. Тэгээд л шөнийн манааны цагаар яагаад сэрээд байгаагаа мэдсэн юм. Гэхдээ бодохдоо шөнө унтахгүй бол маргааш нь ядарна, өдөр нь хичээлийн цагаар нойр хүрнэ гэх мэт зүйлс байдаг гэтэл өглөө ч тэр, өдөр ч тэр би ядраагүй, бас зүйрмэглээгүй. Энэ бүхнийг яаж болдог юм бол гэж гайхаж байлаа.
Тиймээс дүгнэлт нь “Нойр бол Эзэнээс”. Тэр Өөрөө нойрыг бүтээсэн.
Бүх зүйлсийн нууц дотор оршдог учраас 23:00–03:00 хооронд унтсан надад бүхэл бүтэн 8 цаг хангалттай унтчихсан мэт санагдаад байдаг. Шалтгаан нь их энгийн. Эзэн нойрыг бас амралтыг 4-хөн цаг унтаад сэрэх хугацаанд бүтэн болгож дүүргэн өгдөг байсных байлаа. Гайхамшигтай!
Ингээд өглөө биш, шөнө дундад Эзэнтэй уулзахаар ангийнхан бүгд унтаж байх үед библиэ тэврээд, шатаар доош бууж, гал тогоонд сууж 06:15 хүртэл хуучин гэрээнээсээ 8–10 бүлэг уншиж амждаг байлаа.
Орой бүр унтахдаа шөнө дундад болзоот залуутайгаа уулзахаар цаг товлосон эмэгтэй шиг догдолсон сэтгэлээр унтдаг байлаа. Тэгээд Тэр намайг сэрээхэд баяртайгаар босоод Түүний надад хэлэх Үгийг сонсохоор яаран доош бууж библиэ уншдаг байв.
2. Тэр надтай бодитой ярив. Аймаар хэрнээ гайхамшигтай.
2018/10/04 Пүрэв гараг
Бурханыг ярьсан гэхээр ам нээж, үзэгдэл үзсэн гэж бодож байна уу?
Бурхан Өөрөө Үг. Тиймээс Тэр библиэр л дамжуулан ярьна. Магадгүй 80% библи, үлдсэн хувиудад хэн нэгнээр, зүүдээр, үзэгдлээр гэх мэт ярьж болно. Нэг шөнө библиэ дэлгээд 1Самуел номын 15 бүлгийг уншиж байсан юм. Гэтэл гэнэт тэр бүлгийн хэд хэдэн ишлэл дээр зог тусав. (3,9,11,24,30)
Нүд минь яг тэр хэдэн ишлэлийн хооронд тогтчихоод байлаа. Тэр шөнө Бурхан надад энэ Үгээрээ миний өөрийгөө ч мэддэггүй тэр нууц бас ичмээр үнэнг улаан нүүрэн дээр минь хэлж орхисон юм. Би тэр Үгийг уншаад баярлаагүй. Надад маш гунигтай санагдсан. Тэгээд би библиэ хаагаад маргааш өглөө нь үргэлжлүүлж уншихаас ч зугтав. Үнэн биш байгаасаа гэж.
Гэвч хэзээ ч хөдөлшгүй үнэн бол Таны Үг гэдэгтэй эвлэрсэн тэгээд үргэлжлүүлэн уншсан. Яагаад гэвэл бодогдоод салахгүй бас уншаад хүлээж авахгүй байх нь намайг тавгүйтүүлээд байсан юм. Тэр Үгээ хэлэхдээ тэр шөнө энэ гэмээс эргэх арга замтай нь хамт харуулж өгсөн юм.
Ингээд Үгийг нухацтай бодож, цаашид яах эсэхээ Эзэнээс асууж залбирсаар байв. Лекц бүр дээр библи дэлгэх бүрт хариулт нь өөдөөс тодроод гараад ирдэг байлаа. Тэгээд дахиад л Эзэнээс асууна. Энэ Үг Таниас уу? Би Үгийг тань бодсоор л байна. Гэхдээ шийдвэр гаргаж чадахгүй байна гээд л залбирдаг байлаа. Тэгэх бүрт Түүнээс ирэх Үг илүү тодорхой ойлгомжтой байдаг байв. Тийм учраас Эзэнд надад хандан энэ 5 дахь өдрийн орой “Урсгах цаг”-аар өөрт байгаагаа бусдад тарааж өгөөсэй гэж хэлээд байв. Би гэхдээ Түүнээс лавлан орой бүр аниргүй цагаар үнэн эсэхийн талаар асуусаар байлаа. Урсгах цаг болоход 5 өдөр үлдсэн байв. Гэм нүглээр орж ирсэн эд зүйлсийг харамлаж байгаа сэтгэлтэй минь Эзэн Өөрөө тулалдаж байлаа.
Бурхан эдгээр өдрийн турш өдөр бүр нийт 13 ишлэлээр дамжуулан Үгээ хэлсэн.
Миний Бурханаас асуусан асуулт:
“Урсгах цагаар бүгдийг нь хүн бүрт өгөх гэж үү?”
Бурханы хариулт: “Эзэмшил өмч хөрөнгөө хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түгээдэг.” Үйлс номоор, Эцэст нь “Үгс маань ухаарагч нэгэнд тов тодорхой…” сур/үгс номоор Түүний үгс ар араасаа намайг үйлдэл хийх хүртэл дотроос минь ятгана. Гэвч нөгөө талаас муу нэгэн бусдад өгчхөөр чиний үнэ цэнэтэй авсан зүйлс гэж харамлах сэтгэлээр минь намайг уруу татна. Эцэст нь би Эзэний хүслийг дагахыг Эзэний талд зогсохыг сонгосон юм. Тэр үнэхээр ярьдаг болохыг бас энэ олон дуу хоолойноос Эзэний дуу хоолой аль нь болохыг ч ялгаж чаддаг болсон юм. Ингээд би шийдсэн өөрт байгаа зүйлсээсээ Эзэний сануулсан бүх зүйлсийг бүх хүнд өгөхөөр шийдээд, 2 том тороор дүүрэн бэлгийг урсгахаар болсон юм. Миний дотор ямар ч айдасгүй зүгээр л би Эзэнд ганц хүүгээ өргөхөөс харамлаагүй Абрахам шиг үйлдсэн. Эхлэл22:10 “Ганц хүүгээ Надаас харамлаагүй тул Бурханаас эмээдэгийг чинь одоо Эзэн мэдлээ” энэ үг ирэх үед миний хувьд Исаак болсон үнэ цэнэтэй зүйлсийг бусдад урсгах үед миний доторх сөнөсөн тэнгис Галил нуур луу урсдаг тэнгис болж өөрчлөгдсөн юм.
Библийн үгээр дамжуулан хийгддэг алмайруулан гайхшруулах Бурханы ажлыг хар.
Тэгээд өөрийнхөө хайж байсан “Би хэн бэ?” энэ асуултын хариугаа олох шиг болсон. Би бол өөрийгөө ийм тийм гэж мэдэх ч миний дотор миний мэддэггүй БИ надаас нуугдаад гэмтэй орооцолдоод нуугдаж байсанг харуулж өгсөн юм. Яг л зүрхний минь харагдахгүй харанхуй хэсэгт Тэр гэрлээ барьж тусгаад, хаана нь юу нуугдаж байгааг ил болгож, миний өмнө дэлгэсэн.
Эзэнтэй ойр дотно болох тусам өөрийгөө хэн болохыг, ямар гэмтэйг, бас ямар үзэсгэлэнтэй болохыг минь илчилж байв. Дэлхий надад өөрийнхөө тухай тунгаах өнгөн зүйлсийг л ил харуулж, заримдаа завгүйгээр дүүргэж бодох ч чөлөө өгдөггүй байсан. Одоо бол энд ирээд Есүсийг эхэнд тавибал, би өөрөө ч мэдэхгүй тэр өөрийг минь илчилж байна. Би өөрийгөө олж харахаас хавь илүү Тэр намайг олж хараад хэлэх Үгс намайг өөрчилж байна.
Өөрийгөө олох гэж бүдчдэг байсан, өөрийнхөө үнэ цэнээ мэдэхгүй бусдад таалагдах гэж хичээх шаардлагагүйгээр эхлээд Би хэн бэ? -гээ биш Бурхан хэн бэ? гэдгийг хайж ольё гэж хичээсэн. Дараагаар нь Тэр надад Өөрийгөө бас миний мэдэхгүй намайг олж өгсөн. Бурхан миний хувиа хичээсэн хулгайч, хуурмаг, харамч зүрхийг эдгээхийн тулд, эргүүлэхийн тулд, өөрчлөхийн тулд ийн ажиллажээ. Хулгайч, худалч байдал=Харамч зүрхтэй хамт оршдог гэдгийг мэдүүлсэн.
Харин үүний дараагаас зүрхэнд нуугдсан намайг дөлгөөн ба даруу чанараар чимэглэж, дахин үзэсгэлэнтэйгээр бүтээсэн.
3. Өвчинөөсөө эдгэрэв.
Би анх удаа дотроо биш амаараа тунхаглан ерөөж залбирахын гайхамшгийг харсан. Яг залбирал дунд би эдгэрсэн, Эзэн Есүсийн нэрээр миний бүх эд эс шинэчлэгдэн сэргэж, эдгэсэн гэж гар тавин өөр дээрээ залбирах үед гэнэт миний цээжнээс дуугардаг хэрхлэлт маш удаанаар зогсохгүй дуугарав. Тэгээд би эдгэсэн.
Би эдгэрсэнээ яаж мэдсэн бэ? Ариун Сүнс дотроос минь одоо залбирч гуйхаа зогсоо, Эзэнд таларх, баярлан магт гэсэн. Тэгээд тэр үгийн дагуу Эзэнд шууд л намайг эдгээсэнд баярлалаа гэж талархсан. Маш гайхалтай сонин үйл явдал шүү. Энэ өдрөөс эхлэн өвчин бол Эзэн Есүсийн нэрээр итгэлээр эдгэрдэг болохыг өөрийн биеэр мэдэж, маш том итгэлийн суурь тавигдсан. Үйлс3:6,12,16
Энэ эдгэрэл нь сүсгээр эсвэл сайн үгийн нөлөөгөөр чанга залбирснаар болоогүй. Зөвхөн Есүс л эдгээсэн. Түүнээс ирдэг итгэл, Есүсийн нэр л байсан тэгээд эдгэрсэн.
4. Харь хэл
2018/10/27
Гадаад оюутнуудтай хамт амьдарч байсан учраас зүрх сэтгэлээ нээж ярихад нэг л дулимаг, англиар сайн ярьж чадахгүй байсан. Дотор байгаагаа гадаад найздаа илэрхийлдэг бол гээд бодсон. Тэгээд Бурхан Та ч гэсэн олон улсын хэлээр, харь хэлээр ч ярьдаг шүү дээ. Надад шавийн хэл өгөөч, харь хэл өгөөч гэж тэр өдрөөс эхлэн залбирсан юм.
Нэг оройн аниргүй цагаар Есүсийн нэрээр Ариун Сүнсний дүүргэлтийг гуйж залбирсан юм. Гэтэл гэнэт Сүнсний ер бусын их хүч толгойн оройноос хөлийн ул хүртэл биеэр минь дүүрч, бие минь халуу шатаж, маш их сүрдэм хүчээр дүүргэгдэж байгааг мэдэрлээ. Айх гайхах зэрэгцэн байх үед амнаас минь миний мэдэхгүй үгс урсан гарч, болиулж чадахгүй урт залбирал болов. Энэ залбиралын үед шаналсан мэгшин уйлсан гээд учрыг нь олохгүй зүйлс болж байв. Гэхдээ хүссэн гуйлт минь хэл авах байсан. Тэр өгсөн. Би мэдсэн мэдэрсэн. Гайхамшигтай Ариун Сүнс!
Эцэст нь миний дууддаг Бурхан бол
- Байдаг
- Цаг хугацааны Эзэн
- Дуудахад ойр
- Бодитоор ярилцдаг тайвшруулдаг
- Нойрыг бүтээгч
- Бүх нууцын, бүх хүчний дотор байгч
- Эдгэрэл өгөгч
- Үзэсгэлэнтэйгээр дахин бүтээгч
- Зүрхний гүнд гэрэл тусгагч
- Шинээр бүтээгч
Тэнгэр дэх яруу сүр алдар хоосрон газар дээр зөвхөн мөхөс миний төлөө бууж ирэхдээ хамгийн даруугаар ирсэн Хаадын Хаан Тэр юуны төлөө?? Аврал гүйцэлдүүлэхийн тулд юм. Бүх өвдөг Түүний өмнө сөгдөх хүртэл би ярьсаар байх болно. Өөрийн амьд, цорын ганц, үнэн, зам, амь болсон алдрын Эзэн Назарын Есүс Христ. Эхлэлээс төгсгөл хүртэл дуусашгүй төгсөшгүй үргэлжид байх алдрын Бурхан, Түүний Хүү Есүс алдарших болтугай!
YWAM DTS-д суралцах шийдвэр гаргаж байгаа нэгэнд захих нь:
-Зөвхөн чиний өөрийн гэх Бурхан Эзэнээ олоорой.
-Өдөр бүр сэрээд унтахдаа Бурханыг ямар болохыг нь амсаж үзээрэй.
Авч явах зүйлс:
Библи
Тэмдэглэлийн дэвтэр
Бугуйн цаг
Том аяны үүрдэг цүнх /not chemodan/
Мишок
Маш цөөн хувцас
Хувийн ариун цэврийн зүйлс
Бэлэг болгох зүйлс
Таавчик /зузаан/