Sitemap

Darkhan YWAM DTS дэх 5 сарын амьдрал 1-р хэсэг

7 min readJul 26, 2019

--

…Бурхан юу хийж байгааг харж байна уу? Бурхан энэ үнэхээр Та мөн үү?

2018/08/31–2019/01/20

Хоёр том чирдэг цүнх, нэг үүргэвчтэйгээр гэрээсээ гарсан тэр өдрөөс яг л кино шиг амьдралын гол дүр нь болж, өөрөөсөө бусад уруу урссан сэтгэл догдлом кадрууд дүүрэн байв.

Юуны өмнө “Иошуа дагалдагч бэлтгэх сургууль”-д ирээд , Түүнтэй нүүр тулан уулзаж, надад Өөрийнхөө дуу хоолойг сонсгож, надтай ярьж, намайг тайвшруулж, өдөр бүр Өөрийгөө гайхамшигтайгаар илчлэж байсан цор ганц Бурханд бүх алдар нь байх болтугай.

JOSHUA DISCIPLESHIP TRAINING SCHOOL

Ачаатай цүнхээ чирээд орж ирсэн анхны өдөр, хоёр давхар луу өрөөрүүгээ орж ирсэн тэр мөч яг л Хогвартсад суралцахаар ирсэн мэт байлаа. Шидтэний сургууль л ийм байдаг байх гэх хүүхэд насны минь үзсэн кинонууд ийм бодол мэдрэмжийг өгч байлаа. /Харри Поттер, японы хүүхэлдэйн кино нэрийг санавал оруулнаа. /

Чимэглэл, гэрэлтүүлэг гээд бүгд үзэсгэлэнтэй байв. Сэтгэл татам, дулаахан, гоёмсог мэдрэмж төрүүлж байсан. Гоёл чимэглэл байхгүй бол хар цагаан зураг шиг л байдаг гэдгийн ялгааг мэдсэндээ. Ийм үзэсгэлэнтэйгээр бүтээгч багш Аянаа өөрөө илүү үзэсгэлэнтэй эмэгтэй байлаа.
Дотно танилцах QQ TIME
#5 номерын өрөөнд энэ сардаа байрлах болов. Энд нэр нь бичигдсэн охид бол миний итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хүчтэй итгэлээр, даруухнаар надад багшилж, бас инээлгэж байсан өрөөний дүү нар байсан.

Долоо хоног бүр тэр долоо хоногийг дүгнэж, бүтээлчээр сэтгүүл хийдэг цаг бас байдаг.

Энэ цаг надад нээх ядаргаатай байсан. Юм зурж наана гээд л. Гэхдээ энэ цагаар бас л өөрчлөгдсөн. Бурхан Өөрөө бүтээлч чанартай учраас би тэр дүр төрхийн дагуу бүтээгдсэн учраас ямар нэг байдлаар надад зурах, сэтгэх, бүтээх авъяас нуугдаж байснаа олж нээсэн. Тэгээд өөрийн сэтгүүлийн нэрийг, нүүр зургийг ингэж өгч байлаа.

Just like a Hogwarts

Энэ сэтгүүлийн нэр, нүүр зургийн утгын талаар: /Oceans/

~Танд итгэх итгэл минь зах хязгааргүй болдог.

~Далайн мандал дээр алхуулаач.

~Хаа ч дуудсан Таныг дагая.

~Миний хүрч чадамгүй гүн гүнзгий рүү дагуулж,

~Итгэлийг минь батжуулж өгөөч

~Аврагчынхаа гараас хөтлөе.

Энэ дууны үг миний итгэлийн амьдралд бүрэн утгаар хэрэгжиж бий болохын төлөө залбиралтайгаар эхэлсэн билээ. Орой бүр залбирлын минь нэг хэсэг байсан.

Очсон өдрөөс эхлэн бүх юм цагийн хуваарийн дагуу маш дэгтэй байв.

Анхнаасаа ийм гэдгийг нь мэдээд очсон тиймдээ ч сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан учраас дагаж мөрдөх асуудалгүй байв. Мэдээгүй байсан бол хүнд, дарамттай л байх байсан байх. Би өөрөө тийм баригдмал байдалд дургүй болохоор тэр байх л даа.

2017 онд Оогий пастор маань сургаалынхаа дундуур хуваалцаж байсан цэрэгжилтийн хатуу дэгтэй, Бурхантай уулздаг тэр газрын тухай анх сонсоод явмаар санагдсан. Тэгээд судалж үзсэн, улам бүр явмаар байсан ганц тэмүүлэл нь Бурхантай илүү дотно уулзах боломж юм байна гэж олж харсных байлаа.

Би үнэхээр энэ үед Эзэнээр ангаж, цангаж байсан юм. Учир нь Бурханд итгэдэг гэж хэлээд Бурхангүй амьдарсан өдрүүд нь надад олон байсан юм. Алхаж байгаа ч дотроо бол аль хэдийнэ үхчихсэн, ямар ч утга учиргүй өөрийгөө л гэсэн, бусдаас хайр сэтгэл хүссэн хүн болчихсон учраас энэ бүхнийг орхиод, гэрээсээ холдож зөвхөн Эзэнийг л хүсэмжилсэн сэтгэл өвөртлөн гарсан юм. Харин Эзэн надад энэ шийдвэрээр дамжуулан гайхамшгаа, Өөрийнхөө талаарх агуу нууц зүйлсийг илчилж өгсөн юм. Нэг сумаар 2 туулай гэдэг үг байдаг бол энд ирснээр надад 5 туулайг өгсөн билээ. Энэ хуваалцахын аргагүй гэрчлэл бүр таныг Бурханыг хайх хүслээр дүүргээсэй.

Цастай, бороотой, хүйтэн байсан ч хамаагүй өглөө 6:15д сэрнэ. 15 минутын дараа бүгд гадаа цугласан цагт л дасгал эхлэнэ. Алхана, харайна, гүйнэ. Нэг нь унтаад үлдсэн бол тэр нэгийгээ хүлээнэ. Бас тэр хүн нь хэд хэдэн удаа асуудалтай байвал сахилгад орно. Шийтгэл юм уу даа. Хатуу ч сахилга баттай байдлыг сургадаг нь сайхан.

7:00 цагаас чимээгүй цаг. Би юу ч мэдэхгүй яаж эхлэх вэ? гэх сэтгэлд минь Эзэн үгээ өгч буйг Сүнс минь хэлсээр байлаа. Өгсөн ишлэл бүрийг дэвтрийнхээ хатуу хавтас дээр мартахгүйн тулд бичсээр байлаа. 2 нүүр дүүрэн амттай, үнэт эрдэнэс мэт Үг байсан учраас би Үгийн цэвэр усаар бүрэн ундаалж байгаа юм гэдгийг мэдсэн.

8:00 цагаас өглөөний цай. Бүгд өрөө өрөөнөөсөө бууж ирээд цугласан цагт хамт залбираад идэж эхэлдэг. Олуулаа бужигнаж идэж уухын сайхан нь энэ гал тогооны зааланд өрнөнө.

9:00 цагаас хүндэтгэл магтаал. Гуйдаг биш хүндлэн магтаж, талархдаг цаг. Энэ цагаар анх бас л учраа олохгүй, бусдыг харж, кароекед үгийг нь дагуулж хардаг шиг өнгөрдөг байлаа. Харин “Магтаал хүндэтгэл” хичээл намайг үнэнээр ба сүнсээр магтагч, бусдыг харалгүй нүдээ анисан чигтээ Эзэнийг харж, надад өгсөн бүхэнд нь талархан зогсдог нэгэн болгон өөрчилсөн. Би энэ цагаар жинхэнэ хүндлэн магтагч болж өөрчлөгдсөн. Уйлсан, урссан нулимс бүр баяр талархлынх байдаг байв.

10:10-аас хичээл. Хичээлийн үеэр Бурхан лекторууд болон библээр дамжуулан ярьсаар байв. Бас бүх цагаас хоцорсон тохиолдолд энэ үгийг ангийн урд гарч зогсоод хэлнэ.

-Бурхан болон та бүгдийг үл хүндлэн хичээлийн цагаас хоцорсонд уучилаарай.

-Уучиллаа. Хайртай.

13:00 цагаас өдрийн хоол. Бэйсийн тогооч эгчийн 25–35 хүний тогоо дүүрэн хоолноос идэх ч сайхан шүү дээ. Бүгд хоолны төлөө талархаад, хийж өгсөн хүндээ баярлалаа гээд алга таших нь тогтсон уламжлал мэт. Нандин, ховор хоол иднэ шүү дээ.

Ивээл дүүгийн хийсэн өдрийн хоол /Ивээл 15 настай/

15:00 Ном уншлагын цагаар унших эхний ном бол Бурхан үнэхээр Та мөн үү? байлаа. Энэ номыг уншаад анх удаа л Бурханы дуу хоолойн талаар, Түүнийг ярьдаг болохыг мэдсэн тэгээд бүр гайхаж, яаж энэ бүхэн болдог талаар библи уншиж байхдаа ч ажиглаж, олж харсан билээ. Өдийг наслахдаа Бурхан бодитой ярьдаг гэж би ёстой мэдээгүй билээ хэхэ. Бараг л шок. Лорен болон түүний ээжийн итгэл, Бурханы дуу хоолойг сонсож дадсан байдал намайг гайхшруулж, цаашлаад Дарлинд дурласан байдгийнмаа. Хэхэ.

Халуун сав, шэйкэр, бариултай шилэн аяга, шилэн усны сав, модон халбага бол байнгын хэрэглээ

16:00 цаг бол хөдөлмөрийн цаг. Дуусгаад хуваалцах цаг байх бөгөөд анхандаа залхуурмаар, дургүйд хүчгүй гэсэн цаг байсан бол яваандаа энэ цагийг хүлээдэг, энэ цагаар бодох, тунгаах, ярих цаг гардаг. Хэнтэй гэж үү? зөвхөн Бурхантай. Энэ цагийг хариуцсан багш Аби бол биднийг Эзэнтэй яриулж сургасан, бас дотор байгаа эмх цэгцгүй, бохир заваан бүгдийг цэвэрлүүлэхэд чиглүүлж өгсөн, бидний өмнө зогсоод өөрийнхөө чимээгүй байдлаараа ангийг контролдож чаддаг хүчтэй эмэгтэй байлаа. Мөн хоёр хоёроороо хоол хийх ээлжтэй. Анх яаж ийм олон хүний хоол хийх вэ? Амтгүй юм хийвэл яанаа гэж бодож байсныг нуух юун. Манай бэйсийн ширмэн тогоонууд бол бас л сайхан шдээ. 20 – 30 хүний хоолыг бол гаргаахгүй хийж сурсан байдаг.

А тогооч Доогийгийн гарын цуйван яаааая янзтай

Библи дээр “Цагийг авар” ишлэл бол бүрэн утгаараа энд хэрэгжиж байсан юм.

18:00 Оройн хоолны дараагаар гоё гоё цаг байдаг. Кино цаг, гэр бүлийн цаг, бүжгийн цаг, тоглоомын цаг, гадаад хэл сурах цаг гээд л…

Энэ цагуудаар олон гайхалтай зүйлсийг сурахаас илүү мэдэрдэг. Ах дүүс нэгдмэлээр амьдрах хичнээн сайхан болохыг мэдрэх болно. Өглөө хичээл эхлэхээс өмнө ширээн дээр хэн нэгнээс урам өгсөн ил захиа, чихэр ч юмуу үлдээсэн байдаг байлаа.

Орой 21:30–22:15 хүртлэх аниргүй цаг бөгөөд анхны аниргүй цаг надад юу вэ? одоо яах болж байна вэ? гэсэн самгардсан бас хажуугаар нь Билгээ ахын хэлсэн “Одоо бодоход хамгийн сайхан цаг л тэр байсан” гэж хэлсэн нь санаанд орж ирж байв. Би нүдээ аньж, нээгээд л, төвлөрөхгүй янз бүрийн бодлууд орж гарсаар байлаа. Юу хэлж, хаанаас эхлэхээ мэдэхгүй зовлонтой ч юм шиг бачуурам 45 минут урт удаан өнгөрлөө. Маргаашнаас, тэрний маргаашнаас гээд энэ цаг арай өөр боллоо. Би Бурхантай яг өөрийнхөө дотор байгааг нээж, ярьж эхэлсэн учраас бас үлдсэн 10–15 минутыг Эзэн надад хэлэх зүйлийг хүлээж, үзэгдэл дунд уулздаг цаг болсон юм. Сүүлдээ бүүр нүдээ аниад нээхэд 45 минут дуусчихсан байдаг, би ийм удаан Бурхантай ярьж, залбирсан хэрэг үү? гээд гайхаж дуусгасан цаг ч их байлаа.

22:30 унтах цаг. Одоо бодоход багадаа л ийм эрт унтаж байсан байх. Тэрнээс бол үргэлж 00:00 өнгөрөөж унтдаг буруу хэвшилтэй байсан. Нойрны талаар судлаж байх явцад энэ цаг чухал цаг болохыг мэдсэн шүү. Ирээд 20 хоног боллоо. Унтахаар хэвтэхдээ “Маргааш Эзэн надад юуны талаар ярих бол, юуг заах бол?, яаж үйлчлэх үү?, Тэр Агуу Бүтээгч юм гэдгийг бодсоор. Шөнө ч Тэр бодолд минь, өглөө сэрээд Түүнийг хайх хүслээр дүүрэн. Догдлол дүүрэн унтаж, сэрдэг боллоо. Миний бодлын ихэнхийг Эзэний тухай бодол дүүргэж байгаагаа анзаарав.

Анх ирэхэд удирдагч Сүхээ багш энд сурч байх хугацаандаа “Чиний хувьд Бурхан гэж хэн болох, зөвхөн өөрийнхөө тэр Бурханыг олж уулзаарай, ямар Бурхан болохыг нь амсаж үзээрэй” гэж хэлж байсан юм. Би үнэхээр олж уулзахыг хүсэн, бүх хүч, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Түүнийг хайсан гэдгээ одоо бичиж байхдаа санаж байна.

Гэрчлэл 2-р хэсгээ бичиж дахин уулзая.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгаа бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

Responses (1)