Гоё харагдах гэж хөлөө ачиж суухаас татгалзав
Өө би үнэхээр 3 сарын өмнөөс л өөрийнхөө нурууг эвийн эрүүл гэж боддог байсан хүний нэг байна. Учир нь унтаж байгаад үүрээр гэнэт хөлний арын эрээн булчин татаж, их чимчигнэж өвддөг болов. Дараагаас нь нурууны голд тасрах гэж байгаа мэт өвдөлттэй болов. Тэгээд удаан суухаар маш их өвдөж улмаар алхахад ч их зовиуртай болов, хэвтээд босч чадахгүйд хүрсэн асуудалтай болов. Ингээд зураг авахуулаад үзье, арай нурууны суулт болсон юм болов уу гэтэл нурууны мурийлт болж байна гэдгийг олж мэдлээ.
Юунаас болов оо? гэтэл байнгын суугаа ажил хийдэгтэй холбоотой бөгөөд mouse барьдаг талруугаа мурийсан, сурагч байхаас ширээн дээр эгц тэгш суугаагүйтэй холбоотой гэв. Ингээд би гоё харагдах гэж, эсвэл биед амар юм шиг хөлөө ачиж суухаас татгалзав. Цаашдаа хөлөө ачиж суухгүй байх, ямар ч үед хөл дээрээ тогтвортой тэгш зогсох, нэг хөл дээрээ ачаалал өгөхгүй байх, болж өгвөл дээшээ харж хэвтэхдээ ч тэгш эгц хэвтэх, хөнгөн бүс зүүх, нуруугаа бөгтийлгөхгүй эгц суух, байнга сунгалт дасгал, иога хийх, бассейнд явах зэргээр өнөөдрийг хүртэл нуруундаа анхаарч байна.
Хамгийн үр дүнтэй дасгал бол сэлэлт гэж байсныг дурдъя. Мөн хүзүүнд хэт ачаалал ирж, өөрчлөлт орсон байна гэсэн байсан. Үүнээс болоод хүзүүгээр өвдөж, хуян хөөрч, улмаар даралт ихэсдэг гэж эмч хэлэв. Уг нь сайхан залуухан нас шүүдээ. Ийм өвчин яриад сууж байна гэж зүүдэлсэнгүй явлаа. Энэ бүхэн гэнэт л болоогүй. Өдөр бүрийн амьдралын зөв хэвшилтэй амьдраагүйгээс болж өвчин хаалга тогшиж байдаг юм байна шүү.
Одоогийн байдлаар нуруу маань 100 хувь өвдөлтгүй болоогүй ч анхны өвдөлтөө бодвол илүү дээрдсэнд баяртай байна. Аан уламжлалт бариагаар эдгэрнэ гэдэг бол надад худлаа санагдсан, дэмий л мөнгө үрсэн хэрэг байсан тул дасгал хөдөлгөөнөөр засрах юм байна гэдгийг ойлгосон.
#fromVinari
