Олон жил амьдарч ирсэн “3а” гудамж, хашаа байшин минь бид 2-ыгоо үдээд үлдэх нь. Гунигтай бас баяртай. Улиастайд амьдрах сүүлийн зун учраас хүүхэд байхдаа яаж амьдарч байсан түүн шигээ тултал амьдарч үзэхээр шийдсэн юм.
Вагон гүүрлүү явж, үүрээр сэрж, гүйж, алхаж, Туул гол орж, өглөө бүр харанхуйд сэрж үзлээ. Нэг үгээр Улиастайдаа байх хугацаандаа мини тур хийсэн гэсэн үг юм. Сайхан байсан. Чулуу нь, мод нь, шувууд нь намайг таниад дотно байж, би аз жаргалтай зуныг өнгөрөөсөндөө одоо ч баяртай байна.
Бага байхдаа ганцаараа байж эморохоороо дээвэр дээрээ гараад суудлын галт тэрэг явж буйг харах дуртай. Тэгээд ирээдүйгээ төсөөлдөгсөн. Хамгийн сайхан нь зуны шөнө тэргэл сар. Би саранд оддод дурладаг байсансан.
Орой бүр гэрээсээ гараад тэнгэр лүү харж залбирч чаддаг, баяртай гунигтай бүх зүйлээ гадаа гараад л Танд хуваалцаж болдог байсан орон зайгаа бүгдийг үлдээх гэж байна. Тэнгэр, үүлс, шувууд бүгд Тантай намайг ойртуулдаг байж.
Өглөө эрт сэрсэн хүн байна даа номнуудаа уншиж дуусгасан.
Заа өвөл бол жоохон хэцүү. Даарна. Хүсвэл дулаахан байна. Хүсвэл гэдэг нь гал түлэхийг хүсч байвал гэсэн үг юм. Хүсэхгүй байхын аргагүй л дээ. хэхэ
Нимаа байх үед гурвуулаа шинэ оноо гаргачихаад унтахын өмнө цонхоороо авсан зураг байна.
“Дурсамж 1988" /Reply 1988/ гэх киног үзсэн бол төгсгөлийн анги дээрх Самуон гудамжны хүүхдүүдийн нөхөрлөл, хөрш айлуудын амьдрал, гудамжаа орхиод нүүж байгаа хэсгүүд амьдралын минь энэ мөчүүдтэй дотно санагдуулах болно. Тэр киног заавал үзээрэй. Амьдралын олон өнгийг дурсамжаар будсан кино байх болно. За ингээд явлаа даа би хайрт дотно Улиастай минь…
Биднийг угтан хүлээж буй шинэ гэр минь ;)