Америкийн сэтгэл судлаач, гэр бүлийн зөвлөх Уиллард Ф. Харли 800 хосыг оролцуулан судалгаа хийж, үр дүнг нь дүгнэж “His Needs, Her Needs” номоо бичжээ. Үүнээс зөвхөн эр хүний буюу нөхрийн 5 үндсэн хэрэгцээг товчхон дурдан, сэтгэгдлээ хуваалцъя.
1. Заримдаа эхнэрүүд нөхрийнхөө секс хийх асар их хэрэгцээг дутуу үнэлдэг. Гэтэл үнэндээ энэ нь түүний байгалиас заяасан хэрэгцээ юм. Бид эхнэр хүний үүргээ ямар ч үед биелүүлэх үүрэгтэй. Эхнэр, нөхөр хоёр сексийн харилцаагаар нэгэн бие болдог бөгөөд энэ нь тэдэнд Бурханаас өгсөн бэлэг юм. Гурав хоног тутам ихэнх эр хүн бэлгийн эсээ гадагшлуулах шаардлагатай байдаг. “Ээжүүдийн сургууль” хэмээх сургалтанд суух үедээ эхнэр хүн гурав хоног тутамд нөхөртөө төгс үйлчлэх ёстой гэж би сонсож байсан. Энэ нь үнэндээ зөв бөгөөд эрчүүдийн энэ хэрэгцээ хангагдахгүй байснаар нууц амрагтай болох, сексийн өөр хамтрагч хайх, араар тавих асуудлууд ар араасаа хөвөрдөг байна. Судлаач номондоо эрчүүдийн энэ хэрэгцээг эхнэрүүдийн энхрийлүүлэх, хайрын үгс сонсох, болзох зэрэг хэрэгцээтэй зүйрлүүлсэн байдаг. Хэрэв эхнэр болсон та эдгээрийг хүсдэг бол нөхрийн чинь сексийн хэрэгцээ үүнтэй адил чухал гэсэн үг.
2. Эмэгтэй хүний, эхнэр хүний хоёр дахь чухал хэрэгцээ нь ярилцах байдаг бол нөхрүүдийн хувьд загасанд хамт явах, хөл бөмбөг цуг үзэх гэх мэт сонирхдог зүйлээ хамт хийх юм. Эхнэрүүд голдуу нөхрүүдээ энэ дуртай зүйлээ ганцаараа хий гэдэг. Таны нөхрийн сонирхдог зүйл нь ажил нь ч байж болох юм. Яагаад ажлын байрны араар тавилт тэргүүлэх байрт ордог вэ? Учир нь өөрийнх нь сонирхол, хэрэгцээг ойлгодог эмэгтэй тэнд байдагт оршино. Та нөхрийнхөө дуртай зүйлийг хэр олон удаа хамт хийдэг вэ? Нөхрийнхөө нүдээр тэдгээрийг нэг харах гээд үзээрэй. Танд ярилцах хэрэгцээ чухал байдаг бол нөхөрт чинь энэ хэрэгцээ хоёрт орох чухал хэрэгцээ байх нь ээ.
3. Маш олон эмэгтэйчүүд нөхөр нь шударга, нээлттэй байхыг хүсдэг. Энэ нь эмэгтэй хүний гурав дахь хэрэгцээ болдог бол эрэгтэй хүнд, нөхрүүдэд эхнэр нь зөвхөн ухаантай, мэдлэг чадвартай, сайхан сэтгэлтэй төдийгүй бас үзэсгэлэнтэй, сэтгэл татам байх нь их чухал байдаг. Энэ нь хэт задгай хувцаслахыг хэлээгүй гэдгийг анхаар. Харин ч эрчүүд нь эхнэр нь гадуур задгай хувцаслаж явахыг хүсдэггүй нь олонтаа. Харин эхнэр нь гэртээ байхдаа үзэсгэлэнтэй, сэтгэл татам, ааш ялдам, энхрий байхыг хүсдэг. Та гэртээ чухам ямархуу төрхтэй байдаг вэ? Та олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэртээ маш завгүй нэгэн байж болно. Гэсэн ч та өөртөө заавал анхаарал тавиарай. Гэхдээ л сайхан эмэгтэй хажуугаар нь өнгөрөхөд эргэж хардаггүй эрчүүд ховор шүү.
4. Эмэгтэй хүн нөхрөө нэн шаардлагатай хэрэгцээг нь хангаж өгөх санхүүг өгдөг байхыг хүсдэг. Энэ нь дөрөв дэх хэрэгцээ нь болжээ. Харин эрэгтэй хүн өдөр тутамдаа олон төрлийн асуудал проблемтай тулгарч, тэдгээрийг шийдвэрлэж амьдардаг тул орон гэрийн тав тух, амар амгалан маш чухал байдаг. Энэ нь тэдний дөрөв дэх хэрэгцээнд эрэмбэлэгджээ. Ийм юмыг тэд бүр хүсч мөрөөддөг гэж Уиллард Ф. Харли дүгнэсэн юм. Энэ нь яг юу гэсэн үг вэ? Орон гэр нь эмх цэгцтэй, тавлаг дулаан, хоол унд нь амттай, үр хүүхэд нь цэвэр цэмцгэр гэх мэт. Эхнэрүүд ажил хийж, ажлаасаа оройтон ирж, гэр орон ба хоол ундандаа цаг гаргаж чадахгүй байх нь тэднийг бухимдуулдаг нэг шалтгаан болдог байна. Хэрвээ та ажил хийдэг бол энэ хэрэгцээг нь хангахын тулд ямар нэг зохицуулалт хийх хэрэгтэй гэсэн үг.
5. Эмэгтэйчүүдийн тав дахь хэрэгцээ нь нөхрийгөө хүүхдүүддээ сайн үлгэр дууриалал, төгс аавын жишээ болоосой гэж хүсдэг. Мөн бас хүүхдүүдийнхээ хөгжил, боловсролд хангалттай үүрэг хариуцлага үүрээсэй гэж боддог. Үүнтэй дүйцэхүйц эрчүүдийн нэг хэрэгцээ бол хайртай эмэгтэй нь өөрөөр нь бахархах юм. Эхнэр нь чин сэтгэлээсээ нөхрөөрөө бахархдаг бол эр хүнд маш том түлхэц бас хүндлэл болдог. Ийм эр хүн асар ихийг хийж бүтээх эрч хүчтэй болдог. “Агуу эр хүний цаана агуу эмэгтэй хүн байдаг” гэж ярьдаг шүү дээ. Энэ нь нөхрөө худлаа магтана гэсэн үг биш. Сайн талыг нь олж хараад түүнийг нь магтан урамшуулж, урам өгч, дэмжинэ л гэсэн үг. Ганц ч сайн талгүй эрэгтэй хүн байхгүй. Та түүний сайн талыг хайж олоорой.