Солонгос улс дах 2 сарын амьдрал

elsunfl
14 min readDec 3, 2022

--

Инчоны онгоцны буудал дээр ганцаараа буугаад яах учраа олохгүй байсан ч надад сонирхолтой, сайхан байлаа. Солонгосын ид халууны үеийг өнгөрөөж байгаад 9 сарын эхээр очсон ч цаг агаарын хувьд пүн хийсэн салхигүй, халуун бүгчим, чийглэг байлаа. Энэ бичвэрээрээ Солонгос улсад ажиллаж амьдарч байх хугацааны аж амьдралынхаа тухай бичье гэж бодлоо. Мэдээж шаргуу ажилласных сүүлийн 7 хоногийн турш үзэж харах зүйлээ хараад, сайхан цаг гаргасан ч энэ бичвэртээ энэ улсад ажиллах нь хэр байсан тухай түлхүү бичиж байна.

Би Инчонтой ойр Шихүн гэдэг газар байсан. Эхлээд утасны дугаар олж авах нь хамгийн чухал. Хэдий бүх газар нэт байгаа ч нэтгүй газар байх нь элбэг тул дата бол хаана ч хэрэгтэй. Би Монголоос солонгос дугаар авах ийм газар олсон. Инчоны буудал дээр симээ хийгээд ярихад асуудал гараагүй. Эсвэл Со-д очоод 10'000 воноор эсвэл үнэгүй дугаар олж авч чадах мэддэг хүнээр авахуулах боломжтой.

Анкет бөглөөд дугаараа 40'000 төгрөгөөр авсан. Одоо үнэ нь нэмэгдээд 60'000 төг болсон байна.

Онгоц бас метро надад шив шинэ байв.

“Солонгост л мөнгө олно. Тийшээ явж ажил хий” гэсэн яриаг олон жилийн өмнөөс сонсож байсан ч би нэг их тоож байсангүй. Цагаа тулахаар цаг үе хүнд болохын алдад явахаар шийдэв. Оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар аяга угаах, айл цэвэрлэх, хүүхэд харах гээд зөндөө л цагийн ажил хийж байсныг эс тооцвол оффисын ажилтай надад Монголын цагийн ажлын маш хөнгөн, амархөөөн ажил байж.

Солонгост ажиллаж байх хугацаандаа байрлах байртай ажилд орох эсвэл хамгийн ойрын ТӨРСӨН гэр бүлийндээ байвал мөнгө хураах юм байна лээ. Эсвэл сарын 350–400к вон төлөөд oneroom түрээслэн амьдарч болно. Сөүлээс зайтай Шихүнд байхад надтай хамт ажиллаж байсан эгч хүүтэйгээ хамт түрээслэж байсан. Түрээсээ өгөөд, барьцаагүй амьдарч байсан нь азтай шүү. Ихэнх газар барьцаа авдаг.

/Жишээ болгоод ийм oneroom байдаг гээд зураг орууллаа/

Үүнээс хямд гэвэл кушивон /고시원/ байж болно. Нэг хүний дан жижиг өрөө. Дотроо хөргөгч, ор, тв, интернэттэй. Сарын 200к вон. Манайхаар оюутны дотуур байр шиг нийтийн байр юм. Дундаа ариун цэврийн өрөө, гал тогоотой. Барьцаа авахгүй, сараар нь түрээсээ төлөөд явна. Бүх урсгал зардал нь энэ 200к вон-доо багтсан. Мөн түрээслэгч нартаа кимчи, будаанаас хэрэглээндээ авч болно гээд өгдөг газар ч байдаг. Амьдаръя гэвэл арга олдоно доо.

Ногооны талбайн ажил

Ногооны талбайн ажил нь ер нь хүнддээ ордог. Анх аялалын визээр очоод ажилласан анхны ажил бол өнөөх ногооны талбайн ажил байж, ажиллаж үзлээ дээ. Надаас гадна 3 монгол эмэгтэйтэй 7 хоногийн турш өглөөнөөс орой хүртэл ажиллав. Хотоосоо нэлээд зайдуу учир өглөө 5 цагт босоод ажилдаа явахад бэлдэнэ. Эхлээд 30 минут автобусаар явж, дараа нь 1 цаг метрогоор яваад, дараа нь дахиад солонгос захирал машинаараа биднийг ногооны талбайн ажилд 30 минут явж байж хүргэж өгдөг байв.

Шумуул нь бол дэндүү даварчихсан байдаг юм байна лээ

Ингээд том талбай дахь бүх хогийн ургамлыг зулгаав. Монголд байхдаа хүнд мөнгө өгөөд зулгаалгадаг байсан би өөрийн биеэр туулж байгаагаа бодоод инээд ч хүрэх шиг.

30+ халуун үед гадаа ажиллана гэдэг бол халуун саунд хувцастайгаа хөлсөө дуслуулан 8 цагийн турш байнгын хөдөлж байгаатай адил байв. Бороо ороосой гэж би өглөө бүр утаснаасаа цаг агаарын мэдээ харна.

Бодлууд… Зэрлэгээ зулгааж байх үедээ бодно. Ажлаа тараад харих замдаа ч бодно. Бодож тунгаах цаг ийм үед л гардаг юм байна гэж бодно. Ххэ, ийм юм хийх гэж дээ гэж, хар ажил хийж байгаадаа өөртөө итгэж өгөхгүй нөгөө Монгол хүний бардам, омогтой зан дотроос төрж байсан нь ч үнэн. Хүний газарт хар бор ажил хийж байгаагаа бүрэн ойлгоогүй байж. Олигтой хийхгүй бол маргааш гологдоно. Тэгээд ажилгүй мөнгөгүй гэж бодохоор гүрийгээд л дайрахаас өөр сонголтгүй. Ажил олдсон дээр нь цаг алдалгүй хий гэснийг нь ойлгоод цуг яваа Монголчуудаа дагаад л аль болох зүгээр зогсохгүй хөдлөөд л байв. Хөлс гэж нүүр нүдгүй цутгана. Малгайгаа хальт тайлж, ханцуйгаараа нэг шудраад л гүрийсээр. Зулгаасаар, зулгаасаар ажил тарах дөхөхөд хоёр гарын хүч суларсаар. Ингээд ажлын минь нэг өдөр ийн дуусав.

Тэр орой хамгийн сайхан нь ажлаасаа буугаад гар дээрээ шууд цалингаа авав. Ирээд авсан анхны цалин өдрийн 100,000 вон. Монгол мөнгөөр 240,000 төгрөг авав. Хамгийн өндөр үнэлгээтэй цагийн ажилд нь орсон байсан нь энэ байв. Ер нь эмэгтэй хүний дундаж цалин 70,000-85,000 вон /170'000–200'000 төгрөг/ байдаг юм байна лээ. Харин энэ газарт өндөр үнээр зовлогоо зулгаан байж, хөлс нус нулимстайгаар зүдчин байж ажилласаных ийм үнэлгээтэй ажилласандаа маш баяртай байв.

Ажилдаа явахдаа нар мандаж буйг харах дуртай
Харанхуй байхад гараад л метронд унтаад л явна

Маргааш нь дахиад л 5 өнгөрч босоод өнөөх ажилруугаа явав. Сэрээд гар атгагдахгүй, нуруу, мөр, гар, хуруу, хумс гээд бүгд өвчин ороод хөндүүр болсон байв.

Ашгүйдээ өнөөдөр 60%-н бороо орох боллоо. Би баярласан гэж. Бороо ч оров. Их орсонгүй хэсэг орж байгаад зогсов. Өө үгүй ээ бүр өмнөхөөсөө ч дордов. Чийглэг, халуун бүгчим агаар улам ихээр нэмэгдэв. Монголын сэрүүн, сэвэлзсэн салхи, хүйтэн бороо энд байдаггүй аж. Би анх удаа Монголоо, тэр сайхан салхийг, сүүдэрт нь сэрүүхэнээр сэвэлздэг тэр салхийг санасан юм.

Бас нэгэн өөр газарт хамгийн амархан ногооны талбайн ажил

Ингээд 7 хоног газар шороотой нөхөрлөсөн би зарим оройдоо ногооны талбайн ажлаа тараад 23 цаг хүртэл Шигданд аяга угаадаг ажил ч хийдэг байв. Яахав тэр өдөртөө аймаар ядарсан ч байнгын ажил олдтол олдсон цагийн ажил бүрийг хүнд хүчир, цалин бага гэж гололгүй хийсээр байв. Төмрийн үйлдвэр, хог хаягдлын үйлдвэр, савалгааны үйлдвэрт ч хүртэл ажиллаж үзлээ. Цаанаасаа хоолтой, хоолгүй, амралтын цагтай, цаггүй гээд ажиллаж байгаа газрын онцлогоосоо болоод янз бүр байдаг юм байна. Би азаар ихэвчлэн цаанаасаа хоолтой, амралттай газарт ажилласан даа.

Төмрийн үйлдвэр
Зогсоогоороо 8 цаг ажилладаг төмрийн үйлдвэр
Зарим оройд шигданд ажилланаа бас

Шигданд ажиллах гээд үүдээр нь орохоосоо өмнө нэг сайн “Хүүү” гэж чангахан уужуу амьсгал аваад, өөртөө хүч өгч байж ордог байж билээ. Яагаад гэхээр амрах сөхөө өгөхгүй уул овоо шиг их аяга тавган дунд би хөлбөрөх учраас сэтгэл зүйгээ ийн бэлддэг байв. Оройдоо л цагийн ажилтан авдаг тул 18:00–23:00 цаг хүртэл ажиллаад 60'000 вон авдаг байсан.

Солонгос хүмүүстэй ажиллаад, заавар стандартын дагуу ажлаа хийж сурав. Ажил цагтаа эхэлж, цагтаа дуусч, өдрийн хоолны 1 цаг, амралтын 10 минут ч ямар үнэ цэнэтэй, илүү цагаар ажилласан бол цалин бодуулж авдаг гэдгийг ч яс махандаа шингэтэл ойлгов. Шударга байгаа нь сайхан байлаа.

Өдрийн хоолны цаг бол эрч хүч, баяр хөөр, аз жаргал ер нь бүх юм ккк

Ингээд сарын дараа би витамины савалгааны үйлдвэрт байнгын ажилд нэг сараар ажиллахаар оров.

Бүх суутгал шимтгэлээ хасаад гар дээр 70,000 вон. Сарын дараа дансаар шилжүүлдэг. Байнгын үйлдвэрийн цалин голдуу ийм л үнэлгээтэй байдаг. Ер нь хамгийн бага цалинтай ажил ч ягаарвал гайгүй авчихна. Их ажилтай үедээ оройдоо бидний хэлдэгээр ягаардаг буюу илүү цагаар ажилладаг. Оройдоо ч мөн хоолтой ажилладаг. Хоол унд бол цаанаасаа газарт ажиллабал сайхан байдаг. Мэдээж халуун ногоо бүх хоолонд бий. Бас бүх төрлийн өвс ногоонууд. Мах байхгүй гээд бодчих хэрэгтэй. Загас бол байна. Гахай бол хаа нэг байнаа байна. Тиймээс бүгдийг идэж чаддаг байвал өлсөхгүй дээ ккк.

Буфет шиг болохоор дуртайгаа сонгоод иднэ

Солонгост ажилчдаа ажлаа хийхдээ тухтай байхаар хангамжаар дэмждэг. Жишээлбэл, энэ максим кофег 15 ажилчидтай үйлдвэрт сард 1000 ширхэгийг дундын хэрэглээнд тавьж байна. Энэ гэхдээ бохир муухай үйлдвэр байсөөн.

Анх ажиллахад хамт ажиллаж буй 50–60 насны ажума нар хэлэх гэсэн санаагаа зөв тайлбарлаад өгч чадахгүй, хашгирч орилохоос өөр ид шидгүй байгаа нь эхэндээ их хэцүү байлаа. Ганц минут л зүгээр зогсвол загнуулдаг. Бали бали гээд л бүх юмыг хурдан хий гэж шавдуулна. Хурдан л хөдлөхгүй бол уурлана. Голно. Яахав хэдэн ажума нар загнаал, юм хум авч шидлээл, үглэж байсан ч одоо энэ хэдийнхээ тэр аашны хажууд би гэдэг хүн анх ажиллаж байснаа бодвол их тайван амгалан болсон шдээ тоох ч үгүй, насан туршдаа хамт амьдрах биш дээ гэж нэг бодно, бас хажуугаар нь“эндээс гараад хаачдийн” гэж өөртөө хэлээд л ажиллана даа ххэ. Учир нь виз их гараад ажил олдохгүй байгаа учраас гүрийхээс өөр сонголтгүй байдалд байлаа.

Бүх төрлийн витамины цаасан савалгааны үйлдвэр
Үйлдвэрийн дотор бас гадна талд

Мөнхийн хөдлөж байх ёстой гэх үгсийг сонссоор ирэв. 10-аад хоногийн дараагаас энэ хэдэн ажума нарынхаа аашийг мэдэж, зан аашаа ойлголцоод, өдөр хөнгөн хөгжилтэй өнгөрдөг боллоо. Энэ хэдээс хурдхан холдох юмсан гэж бодож байсан өдрүүдээс хойш муудан сайдан нэг сар гаруй хугацаа өнгөрч, бие биедээ дасч байгаа бололтой, нөгөө хэд маань ч надад чухам сайн боллоо. Хайрлаж, санаа тавьж, мэддэг хэдэн үгээрээ ярьж хөөрч, сайхан инээж байгаад үйлдвэр дэх ажил маань дууслаа. Ямар ч ажилд хамт ажиллаж байгаа хамт олон дарамт шахалтгүй, стрессгүй байвал тухайн ажил хэдий хүнд хэцүү байсан ч даваад гарахад асуудалгүй юм байна гэдгийг мэдэрсэн дээ. Гомдлолгүй, бувтналгүй талархаж болох олон зүйлсийг олж харвал өдөр бүр инээж, сэтгэл дүүрэн, хэцүү гэх зүйлс амархан болж, сэтгэлдээ ачаагүй ажиллаж болдгийг биеэр мэдэрсэн дээ би.

Ажлын со хамт олон

Ажилдаа дадаад, хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ, машин, техник төхөөрөмжтэйгөө учраа олчихвол чихэвчээр дуу, аудио ном ч сонсож болдог болов. Энэ л надад хамгийн сайхан нь байлаа. Би 2 долоо хоногийн турш Дерек Принсийн номнууд, дараагийн 7 хоногт Төгөлдөр пасторын номлолуудыг сонсож дуусгав. Хааяадаа библийн ишлэл цээжлэхэд ажлын бүх цагаа зориулдаг болов. Учир нь толгойгоо ажиллуулахгүй ажил хийх нь надад уйтгартай бөгөөд заримдаа цаг хугацаа зогссон юм шиг санагдана. Тоо бодож, юм эвлүүлж, учрыг нь олж, сэтгэж, бүтээлч байж чадахгүй байдалд махаа зулгаан байж, хүнд хүчир ажил хийнэ гэдэг надад маш хэцүү санагдсан даа. Бараг ажлын хүнд хүчирт биш, сэтгэл зүйн хувьд ядарч, хурдан хөгшрөх юм шиг санагдсан.

Анхлан ажиллаж байгаа хүний нүдээр анзаарахад Солонгост ирээд хэд хэдэн газар ажиллаж, хурд сайтай байх, анхан шатны хэлний мэдлэгтэй байх, нас ахимаг ч ачаалал даадаг байх, бусадтай хамтарч ажиллах арга барилаа хурдан олох зэрэг чадварууд хэрэгтэй болдог юм байна гэж анзаарсан.

Мөн өөр харсан зүйл нь ганцаараа ажиллахаас илүүтэй хань ижилтэйгээ хамт ажиллаж, амьдарвал эхнэрийн цалингаар амьдарч, нөхрийн цалинг хураах боломжтой бөгөөд хүний нутагт бие хаа өвдөж, хэцүү зүйл тохиолдвол бие биеэндээ хань болох учир 2-уулаа байна гэдэг ер нь их түшигтэй байдаг юм байна даа гэж бодсон ххэ.

2022 оны 10 сар

Ихэнхи үйлдвэрийн ажлын цагийн хуваарь ийм байдаг.

Өглөө: 08:30–09:00

Завсарлагаа 1: 10:30–10:40

Өдрийн хоол: 12:00–12:50

Завсарлагаа 2: 15:30–15:40

Тарах цаг: 17:30–18:00

Ягааны цаг: 18:10–21:00

Бямба: 09:00–18:00

Мэдээж бүтэнсайнд амарна.

Солонгост хар ажил хийхээр очих гэж байгаа бол Монголоосоо ажлын хувцсаа бэлдээд очвол зүгээр шүү. Үүнд:

  • Малгай /Нарны болон саравчтай-2/
  • Хоолойвч, амны хаалт /1–2/
  • Ханцуйвч /1/
  • Өмсдөг хормогч /1/
  • Хар нимгэн болон зузаан цамц /2–3/
  • Даавуун нимгэн болон зузаан уртхан, гэдэс нуруу дарах, чөлөөтэй хөдлөх сулхан хар бараан өнгийн өмд /2–3/
  • Урт оймс, түрийтэй оймс /3–4/
  • Утасгүй чихэвч /1/
  • Нимгэн хаях таавчик /1/
  • Пүүз болон төмрийн гутал /2/

Гадаадад байх энэ богино хугацаанд юу сурсан бэ?

Гадаад явж юм үзэж нүд тайлна гэдэг нь угтаа нээх юм хараад үзээд байхдаа биш, өөрийн байгаа хайрцагнаасаа гарч, бусад соёл иргэншил, үзэл бодол, аж амьдралтай танилцаж, биеийн хүчний ажил ямар хэцүүг ойлгож, шантармаар байвч найдах хэн ч байхгүй тэр хүний нутаг хүмүүжихийг хэлдэг юм билээ. Ах дүү, хамаатан садан харахгүй амьдарч сурна. Өөртэйгээ тулна, өөрөөс чинь өөр хэн ч чамд туслахгүйг ухаарна, өдий болтол юу хийж, яаж цаг алдсанаа жинхэнээсэээ ойлгоно. Хаанаас эхлэхээ мэдэхгүй ангайна. Яваандаа гарц олно, яаж явахаа ойлгоно. Улмаар хэл ус сурна. Хүнтэй ажиллаж, хүний хэлснийг зааврын дагуу, стандартын дагуу хийж сурна, ажил цагтаа эхэлж цагтаа дуусдаг гэдгийг ойлгоно, илүү цагаар ажилласан бол гэрээний дагуу урамшуулал авна гэдгийг ойлгоно. Мөнгө хуримтлуулж ар гэрийнхэндээ туслана. Ачаалал дааж, xүний үгийг сонсож сурна, эх орныxоо үнэ цэнийг ойлгоно, үгээр xэлж, үнэлж боломгүй амьдралын туршлага xуримтлуулна, арынxаа xүмүүст зааж сургана, амьдралд гарч болоx алдаа мадгийг нь xэлж сануулна, Монголчууд дэм дэмэндээ тустай явахад ямар сайхан тухай ойлгоно гэх мэтээр тоолоод баршгүй их юм сурна. Залуу хүн бүр гадаадад гарч богино хугацаанд ч гэсэн амьдраад үзэх хэрэгтэй.” Яг л үнэн амьдралыг бичжээ. Хаа газар яг л адилхан.

Миний байгаа газрын зах “Sammishijan”

Монголдоо ажиллаж байна гээд завгүйгээ гайхсан, юунд ч явдаггүй хичээдэггүй, их жаргалтай мөнгө үрж, түгжрэлд ч цаг ашигласан зүйлгүй эвлэрчихсэн, ядарсан гэж их унтаж өнгөрөөдөг байснаа мэдээд одоо Монголдоо очоод өөртэйгээ ажиллах, өөрийгөө хөгжүүлэх сургалт дамжаанд явах, хэлээ сайн үзэж байгаад гадагшаа явах, өглөөний цагийг, сул цагийг ч сайн ашиглаж үр бүтээлтэй байх, ажлынхаа хажуугаар хувьдаа юм хийх бүүр байг гэхэд цагийн ажил олж хийх, эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй юм байна шүү гэдгийг оройруу ортол ойлгож авсан. Монголдоо бид дэндүү жаргалтай байсан юм байна шүү.

Ажиллаж байх хугацаандаа их олон зүйлийг бодож тунгаасан талаар дээр дурдсан байсныг санаж байгаа бол би өдөр бүр ямар сэтгэл зүйтэй, юуны талаар бодож байсан талаар тэмдэглэл үлдээж байснаас заримыг нь энд бичвэрийнхээ доор орууллаа.

Энд өөрөө ирээд л ажиллаад л ойлгож байна. Манай Монголчууд нээрээ хамаг муу, хар бор ажлыг гололгүй хийдэг юм байна. Бас их шаргуу, дайчин ажиллаж байж хэдэн цаас олдог юм байна. Тэгээд Монголд байгаанууд нь яаж хөлсөө дуслуулан байж олон мөнгө болохыг нь мэдэхгүй өдрийн цалингийн дүнг 3 сард үржүүлж бодчихоод мөнгөтэй баян цатгалан байгаа гэж боддог бололтой. Монгол шиг л ажиллаад л болоод л баян л байгаа гээд мөнгө асуугаад байдаг бол буруу гэдгийг мэдсэн дээ. Энд цалинтайгаа адил юмных нь үнэ бас адил үнэтэй байдаг, нэмээд байр, түрээс, ус, газ, тог гээд л жаахан л илүү олбол хүүхдийн төлбөр гээд л өгдөг юм байна лээ. Ирсэн хүн, өөрөө биеэрээ туулсан хүн л энэ бүхнийг ойлгодог юм байна.

2022–09–30

Хаана ч очсон цалин нь сайхан ч хамгийн хүнд хар ажлыг л хийнэ. Бие өвдөхөөс нуруу л их өвдөнө. Нуруугүй бол хаана ч ажиллаж чадахгүй. Би энэ үйлдвэрт нэг л юмаа давтан давтан хийнэ. Өдөр хоногууд яг л адилхан, нэг л юмаа дахиад л хийнэ, толгой ажиллахгүй их сонин байдаг юм байна. Мөнгө нь л сайхан юмдаа л гэж бодож байгаагаас биш байнга ийм хөгжихгүй ажлыг нэг юмаа аван тавин 8 цаг хийхдээ би лав удаан хугацаагаар хийх хүн нь биш юм байна гэж бодсон. Толгой ер ажиллахгүй байх үед би энэ ажлыг хийж байхдаа юу хийж болох уу гээд их бодно. Библийн ишлэл амандаа уншиж, цээжлэж толгойгоо ажиллуулж байх жишээтэй.

Хүмүүстэй яриад хэлээ сайжруулах боломж бол ховор. Машины моторны чанга чимээнд ярих боломжгүй тул хүмүүс урд урдах ажлаа хийнэ. Урагшаа, хойшоо, доошоо тонгойж ажлаа хийсээр. Бүгд гунигтай уруу царайтай, хурдхан энэ 8 цагийг дуусгах юмсан гэж байгаа мэт. Тэгсэн хэрнээ хэн ч хараагүй байхад ч 1 минут ч зүгээр зогсохгүй бүгд робот мэт ажиллах юм. Ер нь юуны төлөө баярлаж, аялаж зугаалж амьдралаас сайхан зүйл мэдрэхгүй ингэж адуу мал шиг өдөр шөнөгүй, илүү цагаар ажилладаг байнаа гэж бодсон. Их сонин санагдаж билээ.

2022–09–30

Гадагшаа явж, эхлээд богино хугацаагаар ажиллаад үзсэн нь их зүгээр. Туршлага. Цаашдаа яах вэ гэдэг зорилготой болно. Монголдоо бизнес хийх санаагаа олчихвол ажлынхаа хажуугаар орлоготой байж амьдраад байх боломжтой л юм байна гэж харж байна. Би Солонгост оччих л юм бол гоё амьдрана л гэж боддог байлаа. Гэвч энд бүгд хаашаа ч хамаагүй гүйлдсэн, яарсан хэдэн секунд ч тайван байдаггүй, бас салхигүй, агааргүй, бүрхэг, манантай улсад би бол байж чадахгүй юм бишүү дээ гэж бодчихсон байж байна. Гэхдээ сурчихвал дасчих юм болвуу? хэн мэдэх билээ. Монголын зуны салхи, агаар бол жаргал байжээ. Орой халууцаад цонх нээхээр хаах хэрэгтэй болно. Цонх нээсэн ч салхи байх биш, би дэмий л горьдон нээнэ. Учир нь байр мөөгөнцөртөхөөс хамгаалж байгаа гэнэ.Тэгээд байнга битүү агааргүй зөвхөн эйр кондишнээр амьсгалцгаана.

2022–10–06

Гадагшаа явж олон жил амьдарсан, ажилласан хүмүүсээс сурах зүйлс их байна. Би 2 сарын хугацаанд л амьдрал ойлгоод суралцаад байхад удсан хүмүүс бол бүр их зүйл бие сэтгэлээрээ туулж, нүд тайлсан хүмүүс алсаа харж надаас түрүүлж алхдаг юм байна даа гэж бодсон. Тэгээд суусан цэцэнээс явсан тэнэг гэж үнэн үг байна. Хэл устай бол илүү сайн ажил хайж ажиллах боломжтой. Хүнд хэцүү ажилдаа хүмүүс эвлэрдэг юм байна. Бие хаа ч дасаад өвдөлтөө мэдрэхээ больж, яваандаа сурчихаг бололтой.

2022–10–11 Мя

Өнөөдрийн байдлаар ажлаасаа ирээд ороо засаад хэвтэх л хамгийн сайхан байна. Хамаг бие минь, нуруу, мөр, гар, хуруу, хумс, хөлийн тавхай гээд бүгд өвчин ороод хөндүүр байна. Гэхдээ энэ үйлдвэрийн ажилдаа 3 долоо хоног болсоны дараагаас л бие болоод сэтгэл зүй дасдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Өдөр хоногоо тоолон байгаа би. Одоо 15наас хойш 1 л долоо хоног, тэгээд 20 гарчихвал сар дуусахад амархан. 11 сар гарчихвал 7 хоног ажиллаад тэгээд амьдрал сайхан болох гээд байна. Аялана. Дэлгүүр хэснэ. Амрана. Гоё зураг авхуулна. Маргааш бүтэнсайны цуглаантай. Би энд ирж ажиллаад яг 1 сарын хугацаанд хэрхэн ажиллаж байгаа болон Бурханы тухай гэрчлэх болсон. Би ажлаа хийхдээ Түүнийг магтдаг, дуулдаг, залбирдаг. Залбирал бүртээ гуйх биш харин Эзэнд талархал өргөдөг тухайгаа гэрчилнэ.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

Responses (2)