Мацаг барилт болон биеийн цэвэрлэгээ

elsunfl
22 min readJun 3, 2018

--

ЯАГААД МАЦАГ БАРИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Одоо манайд дэлгэрээд байгаа мацаг нь 2010–2014 онд Японд эрчийг авсан байх нь. /Нэгэн блог хөтөлдөг Япон эмэгтэйн нийтлэл болон монголчуудын мацаг барьсан бодит үр дүн, лайв хэрэгжүүлэлт болон холбогдох өөр мэдээллүүдийг хавсаргаж оруулсан болно./

“Хорт хавдрын эсийг юм идэхгүй, идэхгүй идэхгүйдээ чихэр идэхгүйгээр ТУРААН АЛЖ УСТГАДАГ” тухай ихээхэн ШУ-нч илтгэлийн нэгээхэн жишээ энэ байна. Ютуб дээр иймэрхүү ШУ-ны баталгаа нотолгоо бүхий илтгэл хэдэн зуун мянгаараа. Хэрэв та англиар сонсоод юм уу, уншаад ойлгодог бол энэ бүх мэдээлэл таны гар дор үнэгүй хэвтэж бна. Энэ бол тэрхүү далай мэт их мэдээллийн зөвхөн ганц нь…

Яагаад мацаг (олон цагаар огт юм идэхгүй байх) хорт хавдрыг багасгах юм уу, эдгээдэг гээч?

Учир нь хорт хавдрын эс зөвхөн ЧИХЭР идэж үржин олширч тархдаг гэнэ. Тиймээс чихэр (үүнд дан ганц чихэр орохгүй, бүх төрлийн нүүрс-ус буюу гурил, будаа, элдэв чихэртэй ундаа, согтууруулах ундаа, жүүс, чихэрлэгийн нягтшил асар өндөртэй халуун орны элдэв жимс орно) огт хэрэглэхгүй байвал хавдрын эс тураад үхнэ гэсэн үг. Тэгэхээр хавдар багасна гэсэн үг биш үү?

Нөгөө талаасаа мацаг барихаар хүний биед AUTOPHAGY буюу бие өөрт буй хэрэггүй муудсан эд эсээ өөрөө устган “залгих” процесс явагддаг. Гэхдээ бие өөрөө өөрийгөө цэвэрлэж, муудсан эсээ устгах тэр гайхамшигт процесс зөвхөн 24 цагаас дээш хугацаанд мацаг барьсан тохиолдолд л явагдаж эхэлдэг гэнэ.

Ямар ч калори хэрэглэхгүй байснаас хойших 24–48 цагт л тэр autopaghy 300% явагдаад, түүнээс цааш эргэж буурдаг байна. Тэгэхээр 48 цагийн мацгийг хааяа хааяа бариад сурчихвал хүн эрүүл байхад тун хэрэгтэй юм.

Бие махбодь өөрийн хөгжил дорой, гэмтсэн эсүүдийг устгаж, дахин шинэ эсүүд төлжиж байдаг үйл явц болох энэ аутофагийн ачаар эс нь түүнд нэвтэрч орсон халдвар болон тэндээс үүссэн хорт бодисуудаас цэвэрлэгддэг байна. Энэ үйл явц нь автоматаар явагддаг. “Хог”-ийг зориулалтын уутанцарт (аутофагосом) цуглуулж, цааш нь түүнийгээ жижиглэж, устгах торх руу зөөвөрлөдөг байна. Боловсруулсан бүтээгдэхүүн нь эсийг хооллох түлш болж, эс шинэчлэгддэг ажээ.

Организм цочмог стресс авахад буюу жишээ нь хүчтэй өлсөхөд аутофаги эрчимтэй ажиллаж эхлэдэг байна. Энэ үед эсүүд бүхий л дотоод нөөцөөсөө энергиэ гаргадаг. Учир нь организм, энэ механизмын ачаар шинэ шинэ эсүүдийг бий болгодог ба тэгснээрээ организмаас гажуудал бүхий уургууд, гэмтэлтэй эс доторхи элементүүд гадагшладаг ажээ. Аутофагийн тусламжтайгаар эс өөрт нь халдах халдвар болон боловсорч буй хорт бодисоос цэвэрлэгддэг.

Яг үүнийг Японы эрдэмтэн Ёошинори Осүши хэдэн арван жил судлан батлаад, яг энэ судалгааны бүтээлээрээ 2016 онд Анагаах ухааны төрлөөр Нобелын шагнал авсан билээ. Мөн үүнээс гадна мацгийн үед хүний өсөлтийн гормон(human growth hormon) ихээр ялгаран идэвхижиж, хүн залуужин, эрүүлждэгийг Нобелын шагналт дээрхи эрдэмтэн баталсан юм. Осуми болон түүний нөхдийн бодож байгаагаар, аутофаг нь эрт хөгшрөлтөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй шинэ эсийг боловсруулж, гэмтэлтэй дотоод эс мөн алдаатай уургийг хэвийн түвшинд барьж байдаг тул хүний биеийг залуужуулж ч болох талтай аж.

Тиймээс эрүүлийг хүсвэл ЧИХЭР бүү хэрэглэ, мөн мацгийг зөв барьж өлөндүү амьдардаггүймаа гэхэд цөөн, их ХОЛ ХОЛ ид, хоол хооронд хэрэгтэй хэрэггүй юм бүү ХИВ гэсэн үг мөн үү?

Энэ тухай ойлголт 50-иад жилийн өмнөөс мэдэгдэж эхэлсэн ч Осумигийн судалгааны дараа анагаах ухааны салбарт чухал ач холбогдолтой болох нь батлагджээ. Түүний судалгааны энэхүү нээлт нь өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх эмчилгээний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж эрдэмтэд үзэж байна. Харин аутофагийн үйл явцад алдаа гарвал тэр нь Паркинсоны өвчин, чихрийн шижин, цаашлаад хорт хавдарт хүргэдэг байна. Тиймээс эм зүйчид аутофагт гарсан зөрчлийг эмчлэх эм бүтээж буй нь үр дүнгээ үзүүлнэ гэж итгэж байгаа аж. Иймд үүнээс зайлсхийхийн тулд заримдаа өлсөж байх нь хүний биед тун хэрэгтэйг эрдэмтэд онцолжээ.

Чи юу иднэ түүнийхээ илрэл болж байдаг.

Мацаг барихад гарах үр дүн 1-р хэсэг

Жин хасч, эрүүлжинэ. 2014年02月28日

Япон улсад мацаг барих явдал их түгээмэл болж байна. Зөвхөн жин хасах төдийгүй зөв галбиртай турах, эрүүлжих зорилгоор хүмүүсийн сонирхлыг их татаж байна. Биенд хэрэгтэй тэжээллэг зүйл идэх, эрүүл мэндийнхээ төлөө хөдөлгөөн хийх, өвчлөхгүйн тулд жингээ барих, бие махбод гаднаасаа төдийгүй дотроосоо эрүүл байх… Та ч бас эдгээр зүйлүүдэд санаа тавьдаг бизээ? Тэгвэл үүнийг маш энгийн аргаар шийдэх боломж байна. Энэ бол мацаг юм.

Мацгийг барихдаа тодорхой хугацаанд юу ч идэхгүйгээр зөвхөн ус юмуу цай л уудаг. Хугацааны хувьд янз бүр байж болох боловч хагас өдрөөс бүтэн нэг өдөр гэсэн богино хугацаагаар, мөн 10–40 хоног гэсэн урт хугацаагаар барьдаг.

Мацаг барьснаар дараах үр дүнг амсана.

1. Хор гадагшлах

Хүнсний ногооны бордоонд ашигладаг химийн бодис, авто машинаас ялгарах хорт хий, агаарын бохирдол, гадагшилж чадахгүй удсан ялзарсан өтгөн, эм тариа зэргээс үүссэн янз бүрийн хорт бодис бидний биед хуримтлагдсаар байдаг. Мацаг барьсны үр дүнд эдгээр хорт бодисуудыг биеэсээ хөөн зайлуулж, дотроосоо эрүүлжих боломжтой.

2. Эрхтний үйл ажиллагаа сэргэх

Амьд амьтан бүхэн үнэндээ бол өвдөх, шархдах үедээ өөрийгөө эдгээх Бурханаас өгөгдсөн хүчтэй байдаг. Гэвч хүмүүс бид харамсалтай нь энэ хүчээ ашиглаж чаддаггүй. Учир нь хэтрүүлэн идэж ууснаас, мөн замбараагүй эмийн хэрэглээ зэргээс болж энэхүү хүчээ алдсан байдаг байна. Мал амьтан өвдөх юмуу биеийн байдал муу үедээ юм иддэггүй. Учир нь эдгээр мал амьтад юм идэхгүйгээр өөрийн хүчээрээ өвчнөө эдгээх гэж оролдож байгаа юм. Өөрөөр хэлбэл мацаг барьж байгаа юм. Ингэж амьтад мацаг барьж, эд эрхтнийхээ үйл ажиллагааг сэргээснээрээ өвчинөө өөрийн хүчээр эдгээж чаддаг байна.

Сүүлийн үед Японд хүүхэд олж чадахгүй үргүйдэлтэй эмэгтэйчүүд ихсэж байна. Үүний шалтгаан нь нөхөн үржихүйн эд эрхтний үйл ажиллагаа муудсантай холбоотой гэж үзэж байна. Нэг жишээ хэлэхэд: Өндөг гаргаж чадахгүй байгаа тахиаг 2 өдөр мацаг бариулахад дахиад өндөглөж эхэлдэг байна. Энэ нь мацаг барьснаар эд эрхтний үйл ажиллагаа сэргэж байгаагийн баталгаа юм.

3. Өвчнөөс урьдчилан сэргийлэх

Бидний бие эрхтэнүүд хэтрүүлэн идэж ууснаас болж маш их ядардаг. Жишээлбэл, ходоод идэх юм орж ирэхэд сунаж, хоолыг боловсруулж эхэлдэг. Тэгээд хоол шингэж дуусах үед өмнөх байдалдаа буцаж орох ёстой байдаг. Гэтэл бид хоол шингэж дуусаагүй байхад нь зай завсаргүй үргэлжлүүлэн идсэнээс болж ходоод өөрийн хэмжээндээ буцаж орж чаддаггүй. Ингэснээр ходоод ядарч, өвдөж эхэлдэг байна. Элэг, зүрх, бүдүүн гэдэс, судас гээд бүх эрхтэнүүд адилхан байдлаар ядардаг. Эцэст нь алерги, астма, даралт, судасны хатуурал, чихрийн шижин, хавдар гэх мэт аймшигтай өвчинүүд үүсдэг байна. Мацаг барьснаар бид эд эрхтнээ амрааж, эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж.

4. Жин хасах

Мацаг барих үед хүний бие хаанаас эрчим хүч энергиэ авдаг вэ? Хүний биенд байдаг нэг номерын энерги бол өөх юм. Мацаг барих үед бидний бие энэ өөхнөөс энергиэ авч, өөхийг шатааснаар жин хасдаг байна. Миний хувьд мацаг барьсны 3 дах өдөр гэхэд 3 кг хассан байсан.

5. Чөлөөт радиакал буюу идэвхтэй хүчилтөрөгчийг бууруулах

Идэвхтэй хүчилтөрөгч нь хөгшрөлтийн гол шалтгаан болдог. Арьсны үрчлээс, унжилт зэрэг нь идэвхтэй хүчилтөрөгчөөс болж үүсдэг байна. Чөлөөт радиакал буюу идэвхтэй хүчилтөрөгч нь хоол шингэж, биенд энерги болон хувирах үед үүсдэг ба эсийг дотроос нь гэмтээж устган биеийг хөгшрүүлдэг байна. Мацаг барьснаар идэвхтэй хүчилтөрөгч хоргүйжиж саармагждаг. Хүн улам бүр залуу байхыг хүсч байвал тамхи, архи, нойргүйдэл, хөдөлгөөний дутагдал, стресс, махан хоол, хоолны амт өнгө үнэр оруулагч, нарны хэт ягаан туяа зэрэгт мөн анхаарал тавих хэрэгтэй. Эдгээр нь чөлөөт радиакалуудыг үүсгэдэг байна.

Ходоод хоосон байснаар залуу насаа буцаах “Өсөлтийн гармон”-ы тухай

Мацаг барихад гарах үр дүн 2-р хэсэг

Ходоод хоосон байснаар залуужина. 2014年03月25日

Мацаг барьснаар хүний биеийн эд эрхтэн хэрхэн сэргэдэг тухай өмнө бичсэн билээ. Энэ удаа хүний эд эрхтэн сэргэснээр залуу насаа хэрхэн буцааж чаддаг тухай бичих гэж байна. Энэ үр дүн манай эмэгтэйчүүдэд лавтайяа таалагдах болно.Залуу насаа буцааж чадсан нэгэн япон эмчийн тухай танилцуулъя.

Энэ эрэгтэй хүн хэдтэй юм шиг харагдаж байна?

Хариулт бол 57-той!

Японд зурагтаар нэлээд гардаг нэртэй эмч хүн. Энэ эмч одоо өдөрт нэг л удаа хооллодог гэнэ. Учир нь өдөрт 3 удаа хоол идэхэд хэмжээ нь ихсэж таргалан хөгширөлт явагдах учраас.

Харин энэ эрэгтэй хүнийг та хэдтэй гэж бодож байна?

Хариулт бол 36-тай.

Өмнөх хүн энэ хоёр нэг хүн юм. Өөрөөр хэлбэл өмнөх эмчийн 36-тай байх үеийн зураг!Энэ үед өдөрт 3 удаа хоол иддэг байжээ. Хөгшин харагдаж байгаа биз. Би энэ эмчийн бичсэн хэд хэдэн номыг уншсан. Энэ номуудад ”Хүн ходоод хоосон байснаар залуужиж чаддаг” тухай бичсэн байна. Энэ тухай та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ.

Залуу насаа буцаах “Өсөлтийн гармон”-ы тухай

“Өсөлтийн гармон” гэж та сонсож байсан уу?

12–18 насанд хүний биед их хэмжээгээр ялгарч байдаг ясны өсөлт, булчин, биеийн бойжилтинд чухал гармон юм. Насанд хүрсэн хойно ч гэсэн ялгарч, илүүдэл өөхийг шатаах, бодисын солилцоог сайжруулах, өвдсөн эд эрхтэнг эдгэхэд нь тусалж байх ёстой байдаг.

Харамсалтай нь энэ гармон нь нас ахих тусам багасдаг байна. Ингэснээр таргалах, үрчлээс суух зэрэг хөгшрөх процесс явагддаг гэж хэлж болно.

↑Гармоны хэмжээг хүний настай харьцуулсан график

Үнэндээ бол нас ахих тусам энэ гармон байхгүй болно гэсэн үг биш юм. Харин өсөлтийн энэ гармоноо ялгаруулах чадваргүй болдог байна. Нас ахисан ч энэ хүч чадлаа сэргээж чадвал бид байнгын залуугаараа байж чадна.Дээр танилцуулсан япон эмч шиг залуу насаа буцааж чадна.

Ходоод хоосон үед өсөлтийн гармон ялгардаг.

Өмнөх 1-р хэсэгт хүн өвдсөн үедээ өөрийгөө эдгээж эмчлэх Бурханаас өгөгдсөн чадвартай байдаг тухай бичиж байсан. Энэ өсөлтийн гармон нь Бурханаас заяасан энэ чадварт туслах ёстой байдаг.

Энэ чадвар сэргэснээр хүний эд эрхтэн сэргэж, илүүдэл өөх тосыг хайлуулж, бодисын солилцоо сайжирч, өвдсөн эд эрхтэн эдгэрдэг байна. Өөрөөр хэлбэл бие организм сэргэхэд оролцдог чухал гармон байна. Энэ гармоны тусламжтайгаар бидний арьс өнгөлөг толигор болно, эд эрхтний өвчлөл зогсоно, цус цэвэршиж урсгал нь сайжирна, үс өнгөлөг гялгар болно, илүүдэл өөх тос хайлж гоолиг сайхан болно.

Үнэхээр та байнгын залуугаараа байхыг хүсэж байвал энэ Бурханаас өгөгдсөн өсөлтийн гармоноо ихээр ялгаруулж, өөрөө өөрийгөө эмчлэх чадвараа бий болгох нь хамгаас чухал юм.

Өсөлтийн гармоноо их хэмжээгээр ялгаруулахын тулд яах ёстой вэ?

1. Ходоод хоосон байх

2. Спорт хөдөлгөөн хийх

3. Маш сайн нойртой байх

Ялангуяа ходоодоо хоосон байлгах нь залуу байхад маш чухал. Ходоод хоосон үед гэдсэн дотор хорчигнож дуугардаг. Энэ нь биеийн дотор гармон ялгарч улмаар өөрийгөө эмчлэх байгалийн чадвар сэргэх процесс явагдаж байгаа юм. Ийнхүү та ходоодоо хоосон байлгаснаараа залуужиж чаддаг. Ингээд бодохоор та ходоодоо хоосон байлгахыг тэвчиж чадна гэж бодохгүй байна уу?

Хагас өдрийн мацаг

Өглөөний хоол идэхгүйгээр ходоодоо хоосон байлгах

Хялбархаан аргаар мацаг барьж үр дүнд хүрэхийн тулд өглөөний хоол идэхгүйгээр хагас өдрийн мацгийг санал болгож байна. Хагас өдрийн мацаг нь ямар ч эмч болон мэргэжлийн хүний хяналтгүйгээр ганцаараа айх зүйлгүйгээр хийж чадна. Үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр танд заавал сайн үр дүн гарах болно.

Хийхэд маш амархан. Хагас өдөр буюу өглөөний хоол идэхгүй байхад л болно. Оронд нь ус юмуу чихэрлэг биш цай ууна. Ходоод хоосон байхыг тэсэхэд хэцүү байвал жаахан зөгийн бал юмуу бор сахартай цай ууж болно. Өдөр, оройн хоолыг энгийн иднэ. Гэхдээ ходоодоо хэт дүүргэхгүйгээр ходоодны 80 хүртэлх хувиас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

Оройн хоолыг унтахаас 3 цагийн өмнө идэх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл оройн хоолноос маргаашийн үдийн хоол хүртэл 15–18 цагийн зайнд юм идэхгүй гэсэн үг. Энэ хугацаанд бидний бие хороо гадагшлуулж, эд эрхтэн амарч, өөх тосоо шатааж, залуужих процесс явагдаж амждаг.

Өглөө зөвхөн кофейн ороогүй цай юмуу ус ууна. Өлсгөлөн байхыг тэвчиж чадахгүй хүн бол ногоон цай юмуу зөгийн бал, бор сахар, цагаан гаатай ус ууж болно. Зөгийн бал, бор сахаранд витамин минералууд орсон байдаг учраас юм идэхгүй ч тэжээлээ авч чаддаг. (Цагаан саахаранд витамин, минералиуд агуулагддаггүй.) Хүн юм идэхгүй байхад бие нь хөрдөг учраас цагаан гаа нь биеийг дулаацуулдаг. Үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр танд заавал сайн үр дүн гарах болно.

Өглөө юм идэхгүй байхаар өдөр гэхэд гэдэс өлсөж хоосордог. Тэгвэл энэ нь ямар гайхалтай зүйлсийг бий болгодог талаар товчихон дүгнэбэл,

✔Энэ үед хүний биед өсөлтийн гармон ялгарч амжин өөрийгөө эмчлэх байгалийн чадвар бий болон эд эрхтэн сэргэлт авч залуужина.

✔Өвдсөн эрхтэн эдгэж, амран ядаргаа арилна.

✔Илүүдэл өөх хайлан турна.

✔Арьсны эд эс сэргэж, арьс өнгөлөг сайхан болно.

✔Залуужин гуалиг сайхан болж, өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл байх хамгийн амархан арга бол өлсгөлөн байх явдал юм. Мөнгө зарлагадахгүй.

Хагас өдрийн мацаг барихад анхаарах зүйл:

✔ Өдөр идэхдээ хэтрүүлэн идэхгүй байх. Ходоод хоосон учир их идмээр санагдах боловч ходоодны 80% хүртэл хэтрүүлэхгүй байхыг баримтлах хэрэгтэй. Мэдээж орой ч гэсэн адилхан. Хэтрүүлж идэж болохгүй.

✔ Их зажилж, шүдээ ажиллуулан амтгасан гарын хэмжээгээр бага ид! 20 минутын дараа цадах мэдрэмж төрнө. Ходоодны 1/3-г л дүүргэх зорилготой болохоос цадтал идэхгүй гэдгийг анхаарах

Ямар ч үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү та зөвхөн ходоодоо хоосон байлгаснаараа залуужиж чадна. Дотор эрхтэн, арьс,үс, яс…биеийн бүх хэсэг. Та ч бас энэ япон эмч шиг мөнгө үрэхгүйгээр зөвхөн өлсгөлөн байснаараа залуу насаа буцааж олж авах аргыг туршаад үзэхгүй юу?

Зөвхөн жин хасах төдийгүй эрүүл мэндээ батжуулж өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн энгийн, үр дүн сайтай арга бол яах арга мацаг юм. Японд ийнхүү эрүүлээр жин хасч, эрүүлжиж, залуужихын тулд мацаг барих хүмүүс өдрөөс өдөрт ихсэж байна.

Мацаг барих үед биенд чинь ямар процесс явагддаг болохыг сонирхоно уу!

1-р шат (1–2 хоног)

Мацгийн эхний өдөр биен дэх сахарын түвшин багасч, цусан дахь сахарын түвшинг хэвийн барихын тулд бие махбод элгэнд нөөцлөгдсөн гликогеныг глюкоз буюу сахар болгон задалж цусанд оруулдаг. Энэ процесс нь ойролцоогоор хагас өдөр явагдаж дуусдаг. Үүний дараа биеийн ерөнхий бодисын солилцоо буурч, бие махбод энергээ авч үлдэхийн тулд биохимийн урвалуудын идэвхи сулардаг. Зүрхний үйл ажиллагаа суларч, цусны даралт буурна. Элгэн дэх гликогенийг хэрэглэчихсэн учраас үүний дараа булчин дахь гликоген задардаг.

Ингэснээр ядарч, сульдах шинж илэрнэ. Мацаг барих эхний хэдэн өдрүүд үргэлж хамгийн хүнд байдаг. Энэ үед толгой эргэх, манарах, дотор муухай оргих, амнаас эвгүй үнэр үнэртэх, нүд харанхуйлах, хэлэн дээр өнгөр тогтох зэрэг эхний шинж тэмдгүүд нь бие махбод өөрөө өөрийгөө цэвэрлэж байгаагийн илрэл юм . Энэ үед өлсөх мэдрэмж хамгийн хүчтэй байна.

2-р шат (3–7 хоног)

Энэ шатанд бие махбод өөхийг бүрдүүлэгч тосны хүчлүүдийг задалж, глицеридийг молекул болгон улмаар энэ нь сахар болон хувирч цусанд орно. Энэ үед арьсан дээр биен дэх хуршсан тос ялгаран арьс их тослог болох хандлагатай байдаг. Өмнө нь цэвэрхэн, барагтай юм гардаггүй байсан арьсан дээр энэ үед батга, бүр цаашлаад хатиг ч гарч болдог. Мөн арьс цонхийх нь биеийн хорт бодисууд задран цусанд орсны шинж юм. Кетон гэгч бодис ялгардаг бөгөөд энэ нь тархин дахь өлсөх/цадах мэдрэмжийг өдөөгч төвд нөлөөлснөөр энэ үед өлсөх мэдрэмж ихсэнэ. Гэхдээ өлсөх мэдрэмж хэдэн хоног үргэлжлээд алга болох түр зуурын мэдрэмж гэдгийг санаарай. Энэ шатыг тэвччихвэл өлсөх мэдрэмж арилж огт өлсөхгүйгээр 40–60 хоног явах боломжтой байдаг байна.

Үүнээс хойш бие махбодь мацаг барих үйл явцад дасч, хоол боловсруулах систем амралтаа авч, бие дотор эрхтнүүдээ цэвэрлэж эхлэн, уушги нөхөн сэргээгдэх гольдролдоо ордог байна. Үе үе тунгалагийн зангилааны үйл ажиллагаагаар залхаг маягийн бодис хамар, хоолойгоор гадагшилдаг. Энэ нь толгойн дахь хамар, хоолой зэрэг хөндийнүүд цэвэрлэгдэж байгаа явдал юм. Энэхүү гадагшилж буй залхаг маягийн шар шингэн заримдаа гайхмаар их хэмжээтэй гарч болдог. Иймэрхүү байдлаар тодорхой хугацаанд үргэлжилсний эцэст толгойн хөндийнүүд цэвэрлэгдэж дуусна. Гэсэн хэдий ч ам эвгүй үнэртэх, хэлэн дээр цагаан өнгөр тогтох зэрэг хэвээрээ байна. Нарийн гэдэс, бүдүүн гэдэс цэвэрлэгдэж өтгөн ихээр гарна.

3-р шат (8–15 хоног)

Иймэрхүү урт хугацаанд мацаг үргэлжлэх үед та маш их энергитэй болж, оюун ухаан саруул болж, хүүхэд байхаасаа хойш мэдрээгүйгээрээ сайхан мэдрэмж төрж, сэтгэл санаа тайван байна. Харин энэ үед хуучин гэмтэл, бэртэл сэдэрч болзошгүй байдаг. Хүний бие аливаа гэмтэл бэртэл аваад хэрэхэн эдгэх нь тухайн үеийн амьдралын хэвшилтэй шууд холбоотой байдаг. Хэрвээ гэмтэл, бэртэл эдгэх үед хоол ундаа замбараагүй хэрэглэж, муу чанартай , түргэн хоол мэтийн junk хоол ихээр хэрэглэж байвал бие махбодийн нөхөн сэргээх, өөрийгөө эмчлэх чадвар ихээр буурдаг. Харин мацаг барьж байх үед биеийн өөрийгөө эмчлэх чадвар хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байдаг. Бие махбод энэ үед хуучин гэмтсэн , үхсэн эсүүдийг цэвэрлэж тунгалагийн зангилаанаас гэмтсэн эсүүдийг зайлуулж, устгах дааврууд ялгардаг. Эдгээр ялгарч буй бодисууд нь гэмтсэн хэсгийн эргэн тойрон дахь мэдрэлийн эсэд нөлөөлснөөр аль эрт авсан бэртэл дахин өвдөж, сэдэрдэг байна. Энэ өвдөлт нь гэмтсэн хэсэг дахин нөхөн сэргээгдэх хүртэл үргэлжилнэ.

4-р шат (16–30 хоног)

Бие махбодь мацаг барих үйл явцад бүрэн дасан зохицдог. Илүү их эрч хүчтэй, оюун ухаан илүү соргог саруул болдог. Энэ үед хэл ягаан өнгөтэй болж, амьсгал цэвэр сайхан болно. Эд эрхтэнүүд нөхөн сэргээгдэх үйл явц дуусна. Бие махбодь хорт бодисоос салсны дараа таны бие хуучин гэмтсэн эсийг орлох шинэ эсүүдийг үйлдвэрлэхийн тулд дээд хүчин чадлаараа ажиллана. Богино хугацааны мацаг өвчний шинж тэмдгийг багасгадаг бол урт хугацааных нь өвчнийг бүрэн эдгээж чаддаг. Биеийн дулаан тогтмол болж тунгалагийн систем цэвэршдэг. Хорь хоногийн дараагаас оюун ухаан сэргэг саруул болж, сэтгэл санааны байдал маш сайн болж ирдэг байна. Үүний дараа мэдээж мацгаа зөв тайлах ёстой.

Тэжээлийн улиралд мацаг барьж болохгүй талаар

Оточ маарамба сургуулийн захирал, анагаах ухааны доктор зөвлөж байна. Тэжээлийн улирал буюу жил бүрийн 04.27–06.24 өдрүүдэд мацаг барьж болохгүй.

Хагас мацаг буюу 7 хоногт өдрийн хоолноос өдрийн хоолны хооронд ганцхан удаа орой хоолноос татгалзуулж байгаа учир энэ. Өглөөнөөс орой хүртэл хоолгүй зүдэрчихсэн зүйл үгүй шүү дээ. Мөн долоо хоногт ганцхан удаа 24 цаг шүү гээд л анхааруулаад байгаа учиртай. Мацгаас мацгийн хооронд зохистой шим тэжээлтэй хооллоно. ӨЛӨН ХООСОН ДААРЧ ХӨРЧ гүйж ер болохгүй гэдэг нь учиртай.

Мацаг бариагүй үед өглөөдөө будааны зутан, 11 цагт цагаан идээ, 13 цагт ясны (борви, тойг, булуу, богтос шаант) шөл уугаарай гээд байгаа нь ч учиртай. 36 ба түүнээс дээш цагт мацаглахыг заахгүй байгаа нь ч учиртай. 4 сар хүртэл лайваа хийгээд 9 сард эргээд уулзана гэсэн маань ч учиртай. Учиртай учиртай юм бүхэн учиртай шүү.

Учир нь сарны хүч аажмаар барагдаж, нарны хүч арвидан 06.24 гэхэд туйлдаа хүртэл ихсээд, 06 сарын 25 наас нар буцна.

Үүнтэй уялдаад хүний бие махбодийн хүч аажмаар буурч, хийн бэлгэ чанар арвидаж хурдаг. Хэрэв энэ үед хоол тэжээлээ хэт сойх эсвэл мацаг бариваас ясанд хий шунах, чихний сонсгол муудах, арьс хуурайших, зүрхэнд хий хямарч сэтгэл тавгүйтэж үймрэх, нойргүйдэх, тунгалаг цувийн үйл ажиллагаа доройтож, долоон тамир барагдах, гэдэс хэвлийд хий дүүрэх зэрэг эмгэг үүсэх гэмтэйг анхаараарай. Энэ үед шөнийн цагаар сайтар унтаж амран, тэжээллэг чанартай хоолыг хэмжээг нь тохируулан хэрэглээрэй.

Мацгийн үр дүнгийн хэсэг

Би одоогоос 5н жилийн өмнө ходоодны тасагт эмнэлэгт хэвтэхдээ тэнд дандаа настай эмээ нар над шиг ходоод нь өвдсөн байсанд өөртөө дүн тавьсаан (тэд бүгд л ийм сайхан залуугаараа гэж халаглаж байсан). Гарахдаа мундаг өөртөө анхаарах хүн эмчээс авсан зөвлөгөөнд одоо ч тархинд хадгалаастай байх үгийг сонсон. Ер нь хэлика ч бай, улайлт, шарх ходоодтой холбоотой өвчин цэвэр амаар чинь чиний гараар орж байгаа хүнс хоолтой л холбоотой, битгий өвдөөсэй гэж байгаа бол идэж уухдаа л анхаар (мянган сайн эм уух, сайн эмч байгаад нэмэргүй өдөр ирнэ шүү ) гээд ер нь Ану эгчийн бичлэгэнд хэлсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг зөвлөж байсан.

ҮНЭН ШҮҮ ЮУ ИДЭЖ УУЖ БАЙНА түүгээр л таны эрүүл мэнд хэмжигдэж байгаа. Хүний бие өөрөө гайхалтай уялдаатай бүтэцтэй тиймээс би яаж байгаа бол гэж мэдмээр байвал нүүрээ угаагаад толинд хар, хумсаа хар, нүдээ хар тэгээд нэг дүн өөртөө өгөх гээд үз… Өнөөдрийн дур хүсэл, амттан, халуун ногоо, боов талхаа идэж болно оо гэхдээ учиртай хэмжээтэй учиртай давтамжтай байлгавал ирээдүйд хэтэрхий үнэ цэнэтэй зүйлээ дэнчин тавихаас сэргийлж мэдэх юм.

1. Эхний хоёр удаагийн мацгийн үер их өлөн байсан хоолны зураг бичлэг үнэр л мэдрэгдвэл бодоод тэвчихэд нэлээн тэвчээр шаардсан. Мөн эхний 3н мацаг тайлалтын өдөр унтах цаг болтлоо толгой луг луг хийж өвддөг байсан. (энэ өвөл ороолтоороо ороогоод яваад байсны гор гарч байна даа л гэж дүгнэсэн). Бусад бүх зүйл ок.

2. Харин 4 дэх удаагаас бол өлсөх мэдрэмж ч байхгүй, дарамтгүй, сайхан усаа уувал уугаал мацагаа тайлахад ч элдэв зовиуриуд байхгүй болсныг анзаарлаа.

3. Анх бичлэгэн дээр Ану эгч нүдний цагаан шарлаж уу цагаан байна уу гэхэд л өөрийнхөө нүдний цагааныг шарлаж эхэлснийг анзаарсан (элэг бохирдож байгаа юм байна даа гэж сануулга өгсөөөн).

4. Харин 5 дах удаагийн мацгийнхаа дараа нүдээ ажиглалаа шар нь цайрч цагаарах шатандаа орж. (анх шар байгаагаа итгэхгүй ээжээрээ харуулж байсан дахиад л итгэхгүй асуухад цайрч байна ямар гоё ийн мацаг л ийм болгож байгаа юм уу гээд гайхаад бишрээд сууж байна.) Шунаагүй ээ энгийн 24 цагийн (усан) мацгаа л барьж сурч байна одоо л нэг юм.

5. Мацгийн өдрүүдэд нээрээ л жаахан даарамтгай болдог юм билээ. Энэ өдрүүдэд дулаан хувцаслаж яваарай.

6. Аа тийм 5*7=35 өдрүүдэд өөрөөсөө 3,5 кг хорыг гадагшлуулчихаад, хэсэг хугацаанд уулзалдаагүй хүмүүс нүүр арьсны сайхан болж байгааг асуугаад намайг урамшуулаад байна.

7. Бие хөнгөрч шингэрэх юм, сэтгэл санаа ч дагаад аятайхан намбайгаад байх гэдэг болж, хамгийн гол нь алхам алхмаар эрүүл болж байгаа шүү дээ би гэж бодоход л цаанаасаа нүүрэнд баясал төрөх юмаа.

8. Зарим хүмүүст эхний мацаг нь үр дүнд хүргэж сэвх толбо нь арилсан цоо эрүүлжиж байна л гэнэ азтай юм, биеэ бага бохирдуулсан улс байна. Харин хүн бүрийн бохирдол хэдий хэр үргэлжилснээсээ шалтгаалаад үр дүнгээ үзүүлэх нь ч өөр өөр цаг хугацаатай байх. Тэгэхээр та үр дүнг хурдан амсах гэж хэт огцом өөртөө ахадсан зүйл битгий хийгээрэй.

9. Яг одооны 24 цагийн мацаг надад болон анхлан танилцаж байгаа хүмүүст тууштай байвал зохих хугацаандаа үр дүнгээ өгч байна гэдгийг дахин хэлмээр байна.

Урт хугацааны биеийн цэвэрлэгээ мацгийн үр дүнгийн хэсэг

Миний бие Анужин багшийн бидэнд заасан урт хугацааны биеийн цэвэрлэгээг эхлээд өнөөдөр 10дахь өдөртэйгээ золгож байна. Сүүлийн 3 хоногт биед гарсан өөрчилөлт болон анзаарагдсан зүлсээ хуваалцаж бас мэдэхгүй эргэлзэж байгаа зүйлс дээрээ хариулт зөвөлгөө авмаар санагдлаа.

Энэ 3 хоногт мөн адил дан жүүс уусан. Гэхдээ хэмжээгээ бага болгосон. Болгосон гэхээсээ илүү болсон. Бие организм цаанаасаа ихийг уухаа больчихсон. Өглөөдөө алим луувангын шүүс 1 аяга. Өдрийн 1 цагт 1 аяга 14 төрлийн ногооны шүүс, 3 цагт бас 1 аягыг уудаг байсан боловч 3 цагт ерөөсөө шүүс уух хүсэлгүй болж ирсэн. Оройдоо шүүс биш сайхан халуун ус уусан ч зүв зүгээр байдаг болсон. Гэхдээ би өнөөдөр бүдүүн гэдсээ цэвэрлэх зорилгоор хар чавганы шүүс 1 аягыг ууж араас нь 3 дахин их ус уусан байгаа.

1. Өлсөх болон ядрах мэдрэмж бол эхний 3 хоногын дараа огт алга болсон. Тиймээс хэрвээ цэвэрлэгээ эхлэх гэхээр 5 хоног ч юм уу түүнээс дээш хоног өлсөж зовж явах юм шиг санагдаж айж байгаа бол битгий санаа зовоорой. Ердөөсөө тийм мэдрэмж төрдөггүй юм байна.

2. Сүүлийн 3 хоног их хөлөрдөг боллоо. Би уул нь огт хөлөрдөггүй хүн гэж хэлж болно. Фитнэст гүйсэн ч сүртэй хөлс хэзээж гардаггүй халуун өдөр хүмүүсийн хөлс дусалж байхад миний хацар жаахан л яагаан болоод өнгөрдөг юм. Тиймээс ингэж их хөлс гарах мэдрэмж бол миний хувьд их шинэ содон баярламаар байна. Жинхэнэ цэвэрлэгээ яг одоо эхэлж байгаа юм шиг санагдаж байна. Өмнө нь бол ингэж хөлс гархаар сайхан сода-той халуун усанд суудаг байсан боловч Анужин багшийн бичлэг дээр 5 хоног суугаад одоо зосоогоорой гэсэн болхоор сода-той усанд ороогүй. Уул нь ормоор л байна. Над шиг олон хоног цэвэрлэгээ хийж байсан хүмүүс яаж байсан бэ? 5-илүү удаа сода-тай усанд суусан уу? Суувал зүгээр болов уу?

3. Өмнөх пост дээр минь унтуулгын мэргэжилийн эмч наркоз бол мартаж санадаг болгохгүй харин нь ч эсэргээрээ тархийг чинь хамгаалдаг гэж надад зөвөлгөө өгсөнд маш их баяртай байна. Юутай ч энэ 10 хоног толгой сэргэг, юм мартах нь бага байна. Ном уншиж үзлээ. Маш сайн ойлгож байна шүү хэхэхэ Анужин багшийн номыг сууж байгаад 3 цаг хүрэхгүй хугацаанд уншиж дуусгалаа. Асар их зүйлийг ойлгож авлаа. Бүр дахин дахин тодруулагчаа барьж сууж байгаад уншилаа. Хэрэгтэй хэсгүүдээ бүгдийг нь тодруулж авлаа. Та бүхэн мэдээж бүгдээрээ Анужин багшийн номыг уншсан байх. Би ч гэсэн урьд нь уншсан байсан. Гэхдээ та нар минь заавал дахиад нэг уншаад үзээрэй гэж уриалмаар байна.

4. Хэрвээ цэвэрлэгээ юм уу мацаг барьж байхдаа гадаад хэл сурах юм бол ёстой сүпэр үр дүнтэй байх юм шиг санагдаж байна. Өмнөх пост дээрээ бичиж байсан. Англи хэл бол миний 3дах хэл. Миний бүх ажил англи хэл дээр явагдаж хажуугаар нь би тэр бүх ажилаа япон хэл дээр ярих хэрэгтэй болдог. Ийм үед надад үнэхээр хэрэгтэй зүйл бол маш сайн ажилдаг сийрэг толгой юм. Хэзээ ч билээ хальт харж байсан үг өгүүлбэр яг зөв агшинд тархинд гэнэт бууж орж ирэх шиг урамтай зүйл гэж байдаггүй юм байна хэхэхэ. Тиймээс хэрвээ та бүхэн шинэ хэл сурч байгаа бол мацаг бариад үзээрэй.

5. Цэвэрлэгээ хийж байх энэ 10 хоногт би ямар нэг дасгал хөдөлгөөн хийгээгүй. Уул нь сайхан эрүүл агаарт алхах, шатаар өгсөх гэх мэт хөдөлгөөн хийж байвал сайн гэсэн байналээ. Тэр бүү хэл зарим нэг мацаг барьдаг япон хүмүүсийн флог-г үзэж байхад 7 хоногын усан мацаг барих үедээ Фүжи ууланд авирдаг хүн хүртэл байсан. Гэтэл миний хувьд ямар ч дасгал хөдөлгөөн хийгээгүй хэрнээ мөрөөр хөшиж өвдөх өвдөлт байхгүй болсон. Би өдрийн 8–10 цаг байнга компютэрийн ард суудаг болхоор өнгөрсөн өвөл өдөр бүр мөр хөшиж өвдсөн. Ялангуяа баруун мөр.Тэгээд бүр их өвдөөд хэцүү болхоорол наалт нааж өвчинг жоохон авдаг байлаа. Харин энэ 10 хоногт ёстой мөр өвдсөнгүй гоё байна.

6. Харшил — Би шинжилгээ өгхөөр ямар ч харшилгүй гэж гардаг. Хоол хүнсний харшил байхгүй. Гэхдээ хаяа миний өөрийн анзаарснаар ядрах үед хүзүү, гарын хуруу, хөлний шагай гэх мэт газар загатнадаг. Сүүлийн 3 хоног энэ загатнаа ёстой ихсэж байна. Юутай ч харшил дарах ямар нэг эм уухгүйгээр өөр арга хайхдаа бас л нөгөө Анужин багшийн бичлэгүүдийг үзлээ. Тэгээд бичлэг 3 дээр байгаа нэвстэй /овьёос/ халуун усанд сууж үзхээр шийдээд байна даа. Хэрвээ миний энэ постыг харшилтай хүмүүс уншиж байгаа бол хүүхдийх нь арьс дээр харшил гараад загатнаад хүүхэд тэсэхгүй маажаад хэцүү байгаа бол нэн даруй Анужин багш Анхаа 2-ийн бичлэг дугаар 3-г үзээрэй. Маш хэрэгтэй мэдээлэл байсан шүү.

7. Нөгөө аймаар толгой эргэж, бие салганаж, нүд харанхуйлж, дотор муухайрах мэдрэмж сүүлийн 3 хоног дахиж илрээгүй болно.

Мацгийн аргаар жин хаях /Жүжигчин, топ модел Пүрэвсүрэн/

Дасгал: Иогоор хичээллэвэл гүрвэлзэх хөдөлгөөнд сайн

Хооллолт: Өдөрт 1 удаа шар тостой бор будаа

Цэвэрлэгээ: Халуун бүлээн баннд орох

Хүйтэн усаар шүршиж гарах

Нэгэн Монгол эрийн /55 нас/ 42 хоног мацаг барьсан үр дүнгээс

1. Биеийн жингээ хүссэн хэмжээнд хассан. /94.4 кг -79 кг/

2. Харшлууд арилсан.

3. Хууч өвчнүүд байхгүй болсон.Хөл өвддөг байсан бөгөөд судас цэвэрлэгдэж цусан хангамж биеийн бүх хэсэгт жигд очдог болсноор олон жижиг өвчин хууч арилсан.

4. Хамгийн хачирхалтай нь өвдөгний хавиар 8,20,38 дахь өдрүүдэд юм туурч бэржийгээд 2 хоноод ор мөргүй арилсан. Энэ нь урд замбараагүй хэрэглэсэн эм тариа,антибиотекийн хордлого биеэс гадагшилж байгаа юм байна. Энэ үед нь маажихгүй оролдохгүй байх ёстой юм билээ.

5. Их жин хассан боловч арьс огт унжиж суларсангүй. Усанд орохдоо халуун хүйтэн солбиж орсон. Хамгийн сүүлд хүйтнээр дуусгах даараад ханиад авчихвий гэж бодохгүй байвал зүгээр юм билээ.

6. Элэг, цөсөө цэвэрлэсэн маш үр дүнтэй байсан. Элэг баярладаг гэдэг үнэн болохыг ойлгосон. Цаашид архи хоолыг бодож сонгож зохистой хүртэх ёстойг ойлгосон шүү.

7. Мөнгө үрэгддэггүй юм байна лээ. Халаасанд болон картанд байсан мөнгө тэр чигээрээ хэвээрээ хоолонд маш их мөнгө бас цаг үрдэг юм байна.

8. Үсний буурал багассан байна.

9. Ямар ч хувцас таарч зохиод их сайхан юм.

10. Их тайван хүлээцтэй болдог шинжтэй.

11. Нүдний даралт олон жил өндөр явсан хэвийн болсон байна.

12. Бух мэт хүчтэй, Бэлхүүс нарийн, Бие гоо, Бодол цэгцтэй, Булчин чанга, Бусдад энэрэлтэй, Бурууд шулуун, Байр суурь бат, Бэл баян, Хэл цэгцтэй, Хөл хөнгөн, Хараа холч, Хүсэл “хязгаартай”, Хясал үгүй, тайван амгалан болдог юм байна гэж хэлье дээ.

10 хоног зөвхөн бүдүүн, шулуун гэдэс цэвэрлэх “мацаг” барьсан үр дүнгээс

1. 84кг-аас 77кг болов, гэхдээ гол зорилго КГ-ндээ биш юм шүү. Би 2 жилийн өмнө бас 12 хоног мацаг барьж бсан туршлагатай л даа, гэхдээ өдөр бүр багшийн хяналтан дор.

2. Мацаг барих хугацаандаа алим, хүрэн манжин цэвэр шүүс уусан. Өдрийн норм 2 алим, 1 дундаж хүрэн манжин, маш жижиг цагаан гаа. Хану-д шүүс сайн гардаг Бельги алим бгаа.

3. Мөн өдөртөө 1,5–2 литр ус уудаг бсан.

4. Орой бүр унтахын өмнө жамц давстай 1.5 литр усаар клизм тавьдаг бсан. Давсгүй бол 15 минут тэсэхэд бэрх.

5. Дээшээ харж хэвтээд хөлөө нугалаад 2 хөлөө 2 тийш савалж, 15 минут зайлна.

6. 2 дахь удаагаа барьж бгаа болохоор хүний хоол унд руу солиотой юм шиг дайрахгүй байна лээ. Маш тайван амгалан бсан.

7. Мацагаа тайлж шар будааны зутан, орой нь салад.

8. Эхний 5 өдөр махан хоол идэхгүй. Хуурсан хайрсан идэхгүй. Төмс, цагаан будаа, цагаан гурилан юм идэхгүй. Өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн бас идэхгүй.

9. Будаатай аягаар хоолоо иднэ (хоолны порци), маш сайн зажилна. Юу ч үгүй болтол зажлаад л суугаад байна. Удаан зажилбал бага хоолонд цадна.

10. Манайх дээд гурил, 1-р гурил дангаар нь идэхээ болиод 2 жил болж байна. 1-р гурилыг бүхэл үрийн гурилтай 50/50 холиод бэлдэнэ. Бууз банш, лапша, цуйван, пиццагаа хийнэ, талхаа өөрсдөө барина. 2 жил дэлгүүрийн талх идээгүй.

11. Мацаг барихад гэр бүлтэй бол хань ижлийн дэмжлэг чухал. Хамтдаа мацаг барьвал бүүр сайн бас зугаатай. Миний эхнэр миний арыг даадаг. Мацаг барихаасаа илүү мацгаа зөв дэг журамтай ТАЙЛАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ, ҮГҮЙ БОЛ ХОР БОЛНО…

12. Би ердөө туршлагаасаа хуваалцаж бгаам шүү. Минийх 100% зөв, сайн гэсэн үг биш!

Миний туршлага 30 минут тутамд нэг том балга ус ууснаар эхэлсэн бөгөөд итгэж дагаж эхлэх тэр мөчөөс үр дүнгүүдээ харж эхэлсэн. Энэ нь усанд хандах хандлагаа сайжруулснаар бий болсон гайхамшиг байлаа. Усыг өмнө нь зүгээр л нэг уух ёстой гэж ууж байсан болохоос дотор гаднаа уснаас бүрдэх ЭС-ийг маань тэжээх тэжээл юм гэж огт харж байгаагүй. 30 минут тутам (тогтмол бага багаар) ус уух үед ажиглагдсан нэг давуу тал нь өлсөх мэдрэмж багасдаг юм байна, өлсөх мэдрэмж төрөнгүүт ус уухад төд удалгүй өлсөхөө больдог гэдгийг мэдсэн нь мацаг барих, хоол сойх, өлсөлт бол хэцүү гэдэг ойлголтыг толгойноосоо авч хаяад цаашаа явахад тусалсаан.

Улмаар 1 сар орчим усаа тогтмол бага багаар шимж уусаар байлаа, өлсөх нь бараг байхгүй учраас маш бага хоол идэж байлаа. Зарим үед идэхээ мартаад эсвэл идэхээс залхуураад зөвхөн усаа уугаал. Энэ 1 сарын хугацаан дундуур 1 удаа 24 цагийн сонгодог (усан) мацаг бас барьсийм байна. Энэ хугацаанд дараахь шинж тэмдгүүд ажиглагдав бас хэдэн зүйл ойлгов:

Хомхойрон идэх шунал хүсэл байхгүй болж, хоол хүнсний хажууд байсан ч, хоолны үнэр авсан ч ажрахгүй байн биеэ барих чадвар суусан (энэ нь би энэ тал дээр төгсөрцөн гэсэн үг биш шүү. Султгаад ойлгочоорой хө)

Бие өөрөө өөрийгөө анагаах байгалийн чадамж нь сэргэсэн учраас бие маш хөнгөрөөд нөгөө дээр дурьдсан өвчнүүдийн зовиурууд байхгүй болсон, өглөө нозооролгүй сэп сэп гээд босчдог боллоо

Шим тэжээлгүй хоол хүнс хийхэд бас идэхэд хичнээн их ач холбогдол өгч үргүй цаг зарж байснаа ойлгоод цагаа арай өөр үр бүтээмжтэй зүйлд зарцуулах бодол төрж эхэлсэн ккк

Хоол идэхгүй л бол ядраад сульдаад үнана гэдэг миний тархинд хэнээс ч юм суулгасан онол худлаа байсан нь батлагдаж харин улам л бүтээмжтэй ажиллах эрч хүч, энерги нэмэгддийм байна (өөр хувийн шинжтэй сонин сонин зүйлс бас байсоон)

 Мөнгө зарахгүйгээр эмнэлэг орохгүйгээр, эм уухгүйгээр өвчин эдгэрээд байдгийг анх удаа харлаа

 Санхүүгийн асар том хэмнэлт хийгдээд байгаа нь мэдэгдсээн

 Өнөөдөр жингээ үзсэн чинь 8.9 кг хассан байна (хүмүүст хамгийн таалагдах хэсэг байх ккк)

Олж мэдсэн хийсэн жаахан хувийн “нээлт”дээрээ баясаад, бас Цагаан сарын зайлшгүй идэлтийн дараа бие хүндрэлийг ахин мэдэрсэн учраас шинийн 3 өдрөөс хойш урт хугацааны 72 цагийн дан сонгодог (усан) мацаг барив. Зорилго нь өөрийнхөө үнэн тэвчээр суусан эсэхийг харах, чадамж байгаа эсэхээ сорих. Хууч мууч жаахан хөдлөх талдаа гэхдээ үр дүнд нь биеэс хорууд ялгарч байгаа нь илт ажиглагдав. Энэ явцад дараах зүйлсийг ойлгов. Мацаг биеийг эрүүлжүүлээд зогсохгүй Оюуны өндөр түвшинд хүрэх зам руу биднийг хөтөлдийм байна. Өлсөх тусам (үнэндээ бие нь эрүүл байхаар) толгой тархи жигтэйхэн сайн ажиллах нигууртайм байна. Даяанч лам нар, Есүс Христ 40 хоног мацаг бариад сатантай тулалдсан хэсэг, Эрдэмтэдийн нээсэн нээлтүүд, Да Винчигийн олон талын авьяас билиг гээд тоочоод баршгүй олон зүйл энэ Мацаг гэдэг зүйлтэй холбогдоод байдийм байна.

 Бие нь эрүүл саруул болоод улмаар Оюун бодол нь цэгцрээд ирэхээр хүн Эрүүл ухаанаар сэтгээд эхлэх нь зүй ёсны бөгөөд байгалийн жам юм байна. Улмаар ХҮН шинж рүүгээ орж ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН (эсвэл эрүүл гадаад хүн ч юмуу) төрөх боломжтойм байна

 Аливаа зүйлийн мөн чанарыг ойлгож эхэлснээр дотоод ХҮЧ гэдэг зүйл маань сайжирч тэсвэр тэвчээр сэтгэлийн хаттай болох нь дамжиггүй юм байна. Хоол руу шунан дурлах, түргэн уурлах, биеэ барих чадваргүй байх зэрэг нь дотоод ХҮЧ сул чадамжгүй байгаагаас болдгиймуу даа. ХҮЧ-ээ сайжруулья гэвэл аливаа зүйлд сэтгэлээ зориулж буюу мөн чанарыг нь олж хийхийг хичээх хэрэгтэйм шиг байна гээд хэрэгтэй голдуу юм ойлгоод сайхан байноо.

 Мацгаа нээрээ цэвэр агаар, дасгал хөдөлгөөн, бясалгал эсвэл эерэг хүрээлэлд өнгөрөөвөл байгалаасаа тэтгэгдээд явчдийм байна

 Мацаг барих өдрүүдээ бас зөв сонгочвол Саран ижиигийнхээ ивээлд ордийм байна (би өдөр судар айхтар сахиж амжаагүй л байна одоогоор)

Эцэст нь хэлэхэд би ямар нэгэн цэнгэлийн манлайд хүрчээд үүнийг бичсэн хүн бишээ. Зүгээр л сонирхогч. Их зүйлийн жаахан захыг нь харсан учраас эхлэн сонирхогчдоо энгийн туршлагаар зоригжуулах сэдлээр л та бүхэндээ үүднээс бичсэн зүйл шүү. (Миний мацгийн хөтөлбөр Мартын 8-аар ч үргэлжилсээр байгаа ккк). Би нилээн зүйл уншиж сонсоод Анужингийн хэлсэн зүйлс нь Монгочууд бидэнд маань халбагдаад идэхэд бэлэн гэдэг шиг монголын хөрсөнд хүн болсон монгол хүнд зориулаад хэлсэн зүйлс учраас бид шунан дурлууштай зөвлөгөөнүүд байдгийм байна. Түүний хөдөлмөрч бүтээлч байдал, Монголчуудаа гэсэн сэтгэлд нь, хичнээн балбасан ч босоод ирдэг жинхэнэ МАНЛАЙЛАГЧ занд нь би мэхийн хүндэтгэе. Түүний энэ амжилтын үндэс болсон ээж Агайлаад нь (нэрийг нь сонин сэтгүүлээс л мэдсэнээс цаашгүй) бүхнээс илүү баярлаж талархсанаа хэлье. Түүний ээжийн хөдөлмөргүйгээр энэ олон Монголчууд эрүүлжих шатандаа ийм олноор нэгдэхгүй байсан ч байж магад. Бид бас их азтай хүмүүс юм. Дуустал нь уншиж байгаа тэвчээртэй бас азтай хүмүүстээ ч баяр хүргэе. Бас энэ группийг нээгээд хөтлөж байгаа Анужингийн дүүд нь бас гоё хоолойтой Анхаа хүүд баярлалаа.

Чингисийн Монгол гэж цээжээ дэлдэх биш Эрүүл Монгол ҮНДЭСТЭН байхын төлөө хүн бүр хичээж чадваас ХАНДАХ зүг өөрөө тогтох нь юм байна. Учир нь Эрүүл хүн Эрүүл Сэтгэдийм байна. Эрүүл сэтгэдэг хүн зөв шийдлүүдийг сонгох өндөр магадлалтайм байна. Өдрийн 3 махан хоол эсвэл биеийн хороо гадагшлуулж чаддагүй хүмүүсээр төр засгаа удирдуулчаад бид өнөөдөр ҮР ДҮН хүлээгээд ч хэрэггүйм байна. Хөөрхий тэднийг харааж биш ойлгоод заагаад явах ёстой юм шиг. (За биднээр бараг заалгахгүй байх даа) Бидний Монголчууд Оюун Мандалын энэ шинэ эрин үед тэмцэж биш УХААРЧ СЭХЭЭРЧ ГЭГЭЭРЧ нэгдсэнээрээ ХӨГЖИХ-ийм байна гэж ойлголоо. Улс орны хөгжилд туслахад Мацагтан Монголчууд бидний нэгдэл үр дүнгээ ч нилээн өндөр өгч магадгүй гэж бас горьдлоо.Хүүхэд хөгшидгүй эрүүл саруул, инээж хөөрсөн, эв нэгдэлтэй нийгэмтэй бол ямар гоё вэ тээ нээрээ…

Жич: Би Анужин болон түүний гэр бүлийнхнийг огт таньдаггүй бөгөөд youtube дээрх лекцүүдээс л сайн мэдэж эчнээ таних.

Эрүүл болохыг эрмэлзэж яваа Мацагтан Монголын нэг болохоор шийдсэн, Түвшин

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet