Би ер нь багадаа их мөрөөдөмтгий, тэрийгээ зургаар илэрхийлэх дуртай нууцлаг бас гайхамшигтай гэж хэлэхэд тохирох охин байлаа. Зурчихлаар л бүр бодитойгоор нүдэнд харагдаж, сэтгэлд багтаад, цааш нь улам хэрэгжүүлэхэд дөхөм болж байх шиг санагддаг байлаа. Энэ бүхнээс ганц нь болох өөрийн гэх нууц ертөнц буюу ӨРӨӨтэй болох юмсан гэх бодол надад маш ихээр төрдөг байсан юм.Намайг зүгээр байлгадаггүй дотроос минь хатгаж, энэнээс болоод жил бүр өөр өөр өнцгөөс яаж өрөөтэй болох уу гэдгээ төсөөлж, өөрийнхөө өрөөг зурчихаад, эмээ, ээж хоёроосоо надад өрөө гаргаад өг л дөө, ханаа тасалгаа болгоё, гэрээ өөрчилъе гэж байнга шалж гуйдаг байсансан.
Одоо бодоход өсвөр насны охидын өөрийн гэх нууцлаг ертөнц, ганцаараа байж, өөрийгөө олох, өөртэйгөө ажиллах тэр газар бол миний хувьд ӨРӨӨтэй болох байсан юм. Хэрвээ таны хүү, охин ийм зүйлийг хүсэж байвал түүнийг нь дэмжиж, өөрөөр нь өрөөний өнгө, интериарыг нь гаргуулаарай гэж зөвлье.
Заа ингээд миний дурсамжийн хайрцагаар зочилъё.
Миний ганцаараа амар тайвнаа мэдрэх өрөө
Би дээврийн өрөөг дандаа боддог байлаа. Хоёр давхарт байх өрөөнд минь ийм зүйлс өрнөнө гэж зурж байжээ. Ягаан бас цагаан гэх дулаахан өнгөөр ханаа будна. Өглөө эрт босоод ягаан халадаа өмсөн, цонхоо нээгээд, нар мандахыг харна. /Пинки гёрлл байсан байх нь/ Ширээн дээрээ очиж ном уншиж, тэмдэглэл хөтлөнө. Хичээлээ хийнэ. Шүүгээнээсээ сургуулийнхаа дүрэмт хувцсыг гаргаж өмсөөд, үсээ янзлаад, үүргэвчээ үүрээд сургууль руугаа явна. Өрөөнөөсөө шатаар буугаад гал тогооруу очиход ээж минь өглөөний цай бэлдээд зогсож байгааг харах ба шарсан өндөг, талх, вареин ширээнд тавьжээ. Дүү бид хоёр ээжтэйгээ өглөөний сайхан цайгаа уучихаад үнсүүлээд гарч байна гэж төсөөлдөг байж билээ хэхэ.
Их энгийн өөрийн ертөнцтэй болох хүсэл минь нүдэнд, сэтгэлд тод харагдаж зөвхөн зургаар л амь ордог байв.