2022–6–30
Сайн уу, хайрт MEDIUM минь…Үргэлж намайг сонсдог, сэтгэл сэргээж, дотор онгойлгодог болохоор их саналаа чамайгаа.
“Тэд өдрийн тэмдэглэлдээ ч үнэн байдаггүй” гэхийг уншаад бодсон юм. Би өдөр бүр, цаг, минут бүрт өөртөө үнэн байгаа билүү гэж?
Ойрд амьдрал минь нэг бол уруудаж, нэг бол өгсөж, тэрхүү савалгаанд нь би шидэгдэж байна. Тайван тухтайгаар тунгаан бодох, доторх өөрлүүгээ өнгийж хараад, ийм зүйлээс болоод байгаа юм биш үү гээд оношлохгүй удсанаас үүдсэн шархууд нэмэгдэх боллоо.
Ээжтэйгээ ам мурийж, түүнийгээ шархлуулах үгийг залгина гэж хичээсэн ч залгилгүй, хайр найргүй зүрхийг нь хатуу мөс шиг зангаараа шархлуулна. Болохгүй шдээ гэж мэдэж байгаа ч би л энэ муухай эгогоо гаргаж байвал болох юм гэнээ. Ийм хогийн амьтан байдаг болов уу над шиг. Хэлснийхээ дараа аймаар хүнд болноо энэ сэтгэл. Даагдахгүй хүнд. Үүнийгээ дагаад хүмүүстэй ярих минь ч цөөрч, ганц нэг үг ган хийж, инээх зүйлс болоход инээсэн ч цаанаа гунигтай инээд.
Ер нь л надад таалагдахгүй байвал уурлаж ундуйцана. Уур уцаартай, бухимдуу, ааш аяг эвдэрсэн нэгэн болж өөрчлөгдсөөр. Уучлаарай, эелдэг, сайхан ааштай хуучны Арвин байхаа больсон шүү. Бүтэнсайны цуглаанд л суудаг нэгэн, бусад өдрүүд бүтэнсайн шиг биш байгаа учраас итгэл минь суларч, Түүнийг харах хараа муудсаар. Гэхдээ засагдах найдвар байгаа гэж ихэд итгэж, өөртэйгөө тулж ажиллах талаар бодож сууна. Тэгээд бас зүгээр л бүх зүйл дээр үнэн байхыг хүснэ.
Би очоогүй байж, орж байна гэж хэлдэг нь биш баймаар байна.
Би мэдсээр байж, энийг мэдэхгүй юм байна гэж хэлдэг нь биш баймаар байна.
Би чөлөө авахдаа ч худлаа хэлж авдаг нь биш баймаар байна.
Би таалагдахгүй байгаа бол хүндлэл, хайр дотор эелдэгээр үнэн хэлдэг нь баймаар байна.
Би хэн ч хянаж хараагүй байхад ажлаа сайн хийж, үр бүтээлтэй 8 цагаа ажиллаад дуусгадаг нь баймаар байна.
Би амласан бол амласандаа хүрэх гэж хичээж, өөртөө үнэн баймаар байна.
Би бүх зүйл дээр үнэн байхыг хүснэ.
from Vinari